Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэн та хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа:
– Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах,
– Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах -цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх,
– Гадна байдал: Өнгө – өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгөтэй болсон эсэх,
Хэмжээ – шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх,
Хэлбэр – бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх,
Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн – тунадас, булингар үүссэн эсэх,
– Үнэр, амт: эвгүй үнэр, исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх,
– Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх,
– Хөлдөөсөн, хөргөөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх
ХЭРЭВ:
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн;
- Сав баглаа боодол нь урагдаж гэмтсэн;
- Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал;
- Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон;
- Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн;
- Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж байвал;
- Дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал;
- Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.