Алс холоос ачааны машин хөлөглөн ирж яваа аавыгаа танин “Ээж ээ, аав ирж байна. ДИЙД ДИЙД” хэмээн баярлах хүүгийн бичлэг цахим орчинд цацагдсан нь олон түмний хайрыг татаад байгаа юм. Хүүг Б.Өрнүүнбилиг гэдэг, хоёр настай аж. Иймд хүүгийн ээж А.Энх-Амгалантуултай ярилцлаа.
-Саяхан цахим орчинд цацагдсан бичлэгийн гол баатар бол танай хүү. Тухайн бичлэгийг хийх санаа хэрхэн төрсөн юм бэ?
-Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр манай хүү цэцэрлэгээсээ тараад, бид хоёр харьж явсан. Аав нь урагшаа ажлаар явдаг. Тэр өдөр “Аав нь очиж байна шүү. Та хоёр замын хажууд хүлээж байгаарай” гэсэн. Удалгүй манай хүү “Тэрийг хар аа, аав ирж байна” гээд баярлаж буйг хараад л бичлэг хийх санаа төрсөн.
-Хүүгийн маань бичлэг тээвэрчдэд маш их хүрсэн байна лээ-
-Хүүгийнхээ бичлэгийг нийтлэхдээ ингэж өргөн хүрээнд цацагдана гэж тооцоолж байсан уу?
-Огт бодоогүй. Аравдугаар сард хийсэн бичлэгээ сошиалд тавиагүй, утсан дээрээ хадгалж байгаад “Хүүгийнхээ бичлэгийг инстаграмдаа хийгээд үздэг юм бил үү” гэж бодоод, өвөө эмээгээс нь зөвшөөрөл авч оруулсан. Тэгээд л фэйсбүүк рүүгээ шэйрлээд, 2-3 цагийн дараа харсан чинь “бүүм” болчихсон байсан.
-Хүмүүс хэрхэн хандаж байна. Багагүй эерэг сэтгэгдэл харагдсан?
-Тийм. Маш их эерэг сэтгэгдэл байсан. Дунд нь ганц нэг “Хятад бичлэг дуурайсан байна” гэх сэтгэгдэл байсан ч төдийлөн тоогоогүй. Аав нь бичлэгийг хараад “Хөөх, ийм олон хүнд хүрсэн юм уу” гээд гайхсан. Ер нь тээвэрчдэд маш их хүрсэн байна лээ. Бусад тээвэрчдийн ар гэр, үр хүүхдүүд нь манай хүүхэд шиг аавыгаа хараад баярладаг байх.
-Аавынхаа машиныг хараад баярласан нь анхны тохиолдол уу эсвэл өмнө нь бас ингэж сэтгэл хөдлөлөө илэрхийлж байсан уу?
-Ер нь машиныг нь харах бүрдээ л баярладаг. Аав нь хааяа машинтайгаа гэрийн гадаа ирэх үед бас аавынхаа ажил дээр нь очих үедээ машиныг нь харж байсан. Аавынхаа машинд маш их дуртай.
-Б.Өрнүүнбилиг хүү аавынхаа машиныг хараад ажил мэргэжлийг нь хэр дуурайж байна?
-Гэртээ тогтмол машинаар тоглоно. Дэлгүүр орохоор том ачааны машинууд байвал “Авъя” гэдэг. Бид гурав өнгөрсөн зун Хөвсгөл аймаг руу ажлаар аавынхаа машинаар хамт явж байсан. Аавынхаа ажил мэргэжилтэй бодитоор танилцаад, маш дуртай байгаа нь анзаарагдсан.
Маш гоё дурсамж бүтээгээд ирсэн. Үүнээс хойш аавынхаа машины өнгийг хараад л хаанаас ч андахгүй болсон. Орон нутгийн замд таарсан ачааны машинуудыг хараад, “Аавынхтай адилхан машин байна, ээж хар даа” гэх байдлаар өөрийнх нь хобби болчихсон.
Биднийг ярилцах үеэр Б.Өрнүүнбилиг хүүгийн өвөө Н.Амарсайхан хүрэлцэн ирсэн юм.
-Өвөө Н.АМАРСАЙХАН: Манай дүү нар ирэхээрээ “Одын өвөө сайн уу” гэдэг болсон-
Тэрбээр ач хүүгийнхээ талаар ярихдаа “Хүүгийн маань бичлэг ингэж шууруулна гэж бодоогүй. Нэг хартал 1000 лайк хүрчихсэн байсан. Манай дүү нар ирэхээрээ “Одын өвөө сайн уу” гэдэг болсон.
Тэр бичлэг яалт ч үгүй өхөөрдөм бичлэг л дээ. Аавыгаа санасан, аавынхаа машинаар бахархсан маш онцгой бичлэг болсон.
Ач хүүгээ анх мэндлэхэд “Бурхнаас өгсөн бэлэг” гэж их бэлэгшээсэн. Энэ хүүгээ эх орон, ард түмэндээ ихийг хийж бүтээх хүн болгохын төлөө өвөө нь хичээж байгаа” гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!