СУРВАЛЖИЛГА: “Нүүдэлчин“ эко зуухыг хэрэглэж эхэлснээс хойш долоо хоногт 2 шуудай НҮҮРС, 2 шуудай МОД хэмнэж, тортог утаагүй цэвэрхэн байна гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 52 секунд

Монгол инженер утаагүй зуух бүтээж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө гэх мэдээлэл 2024 сүүлээр цацагдаж, иргэд ам сайтай байсан. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд "Монгол инженерийн бүтээсэн утаагүй зуух халахгүй байна", "Хорооноос үнэгүй тараасан зуухыг гаргаж хаясан" гэх мэтээр шүүмжлэл дагуулж эхлэв. Утаагүй, угаартах эрсдэлгүй, мод нүүрсэнд хэмнэлттэй гэгдээд байсан "Нүүдэлчин эко" зуух гэнэт ягааад хог дээр хаягдах хэмжээнд хүрэв, үнэхээр халахгүй, айл өрхүүд хэрэглэхгүй байна уу гэдгийг сурвалжлахаар бид БГД-ийн 22 дугаар хороог зорилоо.

2024 оны 12 дугаар сард БГД-ээс утааг бууруулах зорилгоор БГД-ийн 10, 22, 23-р хороонд 2200 ширхэг нүүдэлчин зуухыг тараасан.

"НҮҮДЭЛЧИН ЗУУХ САЙН ХАЛЖ БАЙГАА. ТҮЛЭЭ НҮҮРСЭНД ХЭМНЭЛТТЭЙ УЧРААС АМАР БАЙНА"

Бидний орсон эхний айл бол БГД-ийн 22 дугаар хорооны иргэн Ц.Маам гуайнх. Өглөө 08.00 цагт галласан гэхэд гэр нь дулаахан. Гэрийн эзэд нимгэн пудволктой байлаа. Нүүдэлчин эко зуух халж байгаа эсэхийг Ц.Маам гуайгаас тодрууллаа.

-Нүүдэлчин эко зуухыг хэрэглээд хэр удаж байна вэ?

-12 дугаар сарын эхээр давхар шаталттай сайн зуух гээд хорооноос тараахад нь авсан.

-Өмнө нь ямар зуух хэрэглэдэг байсан бэ?

-Энгийн уламжлалт зуухаа хэрэглэж байсан.

-Өмнө нь хэрэглэж байсан зуухнаас нь юугаараа өөр байна вэ. Илүү хэмнэлттэй байж чадаж байгаа болов уу?

-Хэмнэлттэй байлгүй яахав. Нүүрсний тухайд долоо хоногт 1 шуудай нүүрс хэмнэж байна. Мод бол долоо хоног 5 уутыг түлдэг байсан. Нүүдэлчин зуухыг хэрэглэж эхэлснээс хойш 2 шуудай модоор 7 хонодог болсон. Давхар шаталттай болохоор тэгдэг юм болов уу утаа тортог байхгүй. Сайн халж байгаа. Өглөө эхний удаа галлахад жаахан утаа гараад түүнээс хойш нэмж галлахад огт утаа гардаггүй юм байна лээ. Багахан нүүрс хийхэд 5-6 цаг дулаанаа бариад нэмж галлах шаардлагагүй дулаанаа барьчихаж байгаа юм.

ГАЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ГАРГАЖ ХАЯАД БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОСОН

Харин дараагийн айл бол БГД-ийн 22 дугаар хорооны иргэн Д.Болдбаатарынх. Мөн л адилхан нүүдэлчин зуухыг хэрэглэж эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Гэрийн эзэн Д.Болдбаатартай уулзаж зуухны талаар сэтгэгдлийг нь сонслоо.

-Танайх Нүүдэлчин зуухыг хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ. Хэр сайн халдаг вэ. Халахгүй байна гэх шүүмжлэл гарсан байсан?

-Анх хорооноос тарааж өгөхөд л би авч тавьсан. Галлаж чадахгүй байгаа хүмүүс нь гаргаж хаяад байгаа юм байна гэж би ойлгосон. Хас, Дөл зуухыг анх гарахад л хүмүүс халахгүй байна гэж гаргаж хаяад байсан. Галлагаа буруу байсантай холбоотой байсан нь сүүлд тодорхой болсон. Яг тэрэнтэй адилхан байх. Яг зөв галлаад нэг ашиглаад сурчихвал түлээ, нүүрсэнд хэмнэлттэйгээс гадна гэр орон цэвэрхэн тортог утаа байхгүй амар юм байна лээ. Халахгүй байгаа бол буруу галлаад байна л гэсэн үг байх. Манайх бол маш сайн халж байгаа.

-Танайх өдөрт хэдэн шуудай нүүрс түлдэг вэ?

-Өмнө нь манайх хоногт 1 шуудай нүүрс түлдэг байсан. Одоо манайх 2 өдөрт нэг шуудай нүүрс түлж байгаа. Дулаахан өдрүүдэд бол нэг шуудай нүүрсээр 3 ч хонодог. Би өглөө 08.00 цагт хийсэн. Одоо орой унтахынхаа өмнө хийнэ.

-Хүмүүс буруу түлээд галлаж чадахгүй байна гээд байна шүү. Яг юун дээрээ алдаад байгаа юм бол?

-Нэгдүгээрт, дотор нь байдаг шүүр нь 2 тийшээ хардаг юм байна лээ. Тэрийгээ буруу харуулаад тавьчхаар халдаггүй гэсэн. Хоёрдугаарт, тохируулж галлах нь чухал юм шиг санагдсан. Нэг дор их хэмжээгээр хийгээд хамаг нүх сүвийг нь бөглөөд хаячхаар халдаггүй. Хутгуураар хутгаад урдаас нь бага багаар хийхэд хурдан халдаг. Түлшинд ч хэмнэлттэй.

-Утаа гараад байна гээд байсан?

-Анх галлахад л бага зэрэг утаа гарна. Тэрнээс хойш нэмж галлахад ямар ч утаа гардаггүй. Бусад зуухнууд ширмийг нь авахад л бөөн утаа, угаар болдог байсан бол энэ зуух ширмийг нь авахад ямар ч утаа гардаггүй.

ЭКОРЕСУРС: ХАЛАХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ГАЛЛАГААНДАА БАЙГАА

Харин дараа нь бид "ЭКОРЕСУРС" компанийн ерөнхий менежер Н.Батхуягтай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Нүүдэлчин зуух халахгүй байна, хүйтэн байна гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Үүнд та тайлбар өгөөч?

-Халахгүй байгаа шалтгаан нь галлагаандаа л байгаа. Зуухтай хамт очсон заавар зөвлөмжтэй танилцаад зөв галлаж байгаа айлууд олон бий. Түлээ нүүрсэнд хэмнэлттэй сайхан байна гэсэн сэтгэгдлүүд их ирдэг.

-Өнөөдрийн байдлаар Нүүдэлчин зуух хэрэглэж байгаа хэчнээн айл өрх байгаа вэ. Тооцоолол бий юу?

-Яг нарийн тооцоо судалгаа бол гараагүй. БГД-ээс БГД-ийн 10, 22, 23-р хороонд 2200 ширхэг нүүдэлчин зуухыг тараасан. Эдгээр айлуудын дйилэнх нь хэрэглээд сэтгэл ханамж өндөр байгаа.

-Ер нь нүүдэлчин зуухын бусад зуухнаас ялгарах давуу тал нь юу юм?

-Утаагаа шатаадаг гэдэг утгаараа утаа гарахгүй. Дулаанаа удаан барьдаг учраас түлшний хэмнэлттэй. Хамгийн чухал нь угаартах эрсдэл байхгүй. Энэ нь олон шинжилгээний лабораториудаар баталгаажсан гэдгээрээ онцлогтой.

-Буруу түлээд байгаа учраас халахгүй байна гэж байна шүү дээ. Танайхаас тухайн айлуудад яаж зөв түлэх талаар завар зөвлөмж өгч ажиллаж байгаа юу?

-Бид мэдээлэл зөвлөмж өгч байгаа. Хамгийн гол нь агаарын сувгуудаа бөглөхгүй яг зааврын дагуу түлэх нь л чухал байгаа юм. Яг зөв галлаад сурчихсан айлууд бол ямар ч асуудалгүй сэтгэл ханамж өндөр байгаа.

-"Нүүдэлчин" зуухыг Нийслэл тендерээр худалдаж авч "Хөнгөлөлттэй ногоон зээл"-ээр айлуудад 32 мянган зуух тарааж эхэлсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Хаанаас ямар зорилготойгоор ийм худал мэдээлэл тарааж байгааг сайн мэдэхгүй байна. "Нүүдэлчин зуух халдаггүй. Айлууд хэрэглэдэггүй гаргаж хаядаг" гэх мэтээр иргэдэд худал мэдээлэл тарааж, манайхыг зориудаар харлуулах гэсэн юм яваад байгаа юм байна гэж ойлгосон.

Бидний сурвалжилга энд хүрээд өндөрлөв. Энэ удаад бид Монгол инженерийн ур ухаанаар бүтсэн Нүүдэлчин эко зуух бодит амьдрал дээр үнэхээр халахгүй байна уу. Үнэхээр айлууд хэрэглэхгүй гаргаж хаяад байна уу гэдгийг сурвалжиллаа. Ямартай ч цахим орчинд хөврөөд байсан "Нүүдэлчин зуух халдаггүй", "2 цаг тутамд галлахгүй бол хөлдөж үхнэ", "шахааны зуухыг айлууд гэрээсээ гаргаж хаяж байна" гэх мэт мэдээллүүд худал болох нь айлуудаар ороход батлагдаж байна.

“Нүүдэлчин эко” хэмээх нэртэй утаагаа давхар шатаадаг энэхүү зуух нь дэлхийн оюуны өмчийн байгууллагад бүртгэгдээд зогсохгүй ОХУ, Хятад болон бусад 64 улсаас патент аваад байгаа ч монголчууддаа хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй, энэ мэтээр "адлуулж" байгаа нь харамсалтай.

ТЕНДЕР: Улсын аварга тариаланчийн цом 40.2 саяар, 999 сорьцтой, ШИЖИР АЛТААР бүрсэн мөнгөн аяга 34.6 саяар авна
ТЕНДЕР: Улсын аварга тариаланчийн цом 40.2 саяар, 999 сорьцтой, ШИЖИР АЛТААР бүрсэн мөнгөн аяга 34.6 саяар авна
 
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!