МЕТРО ХОТ: Цагаан сарын ХОЁР ӨДРИЙН амралтыг иргэд СУНГАХ хүсэлтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 58 секунд

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болоход сар гаруйн хугацаа үлджээ. Энэ жил билгийн тооллын шинийн НЭГЭН тасарч байгаа учраас бүх нийтээрээ хоёр өдөр амрахаар болж байгаа нь иргэдийн дургүйцлыг төрүүлж цахим сүлжээнд шүүмжлэл дагуулах болов.

ЗУТРУУ ЗОЛГОЛТОД АМИАРАА ДЭНЧИН ТАВИХ УУ?

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амарна" гэж заасан. Гэвч энэ жил шинийн нэгэн тасарснаас үүдэлтэйгээр монголчууд хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2, 3-нд золголт хийхээр болж байгаа юм. Энэ нь амралтын өдрүүдэд таарч, ажлын өдөр Даваа гарагаас эхэлж байгаа тул иргэдийн дургүйцлыг төрүүл, олон нийтийн дунд маргааны сэдэв болов. Арга ч үгүй биз, идээний дээдийг дэлгэж, өнгөтний сайхныг өмсөн бүтэн жил уулзаагүй аав ээж, ах дүү нартайгаа учран золгодог үндэсний баяр бол сар шинийн баяр. Энэ утгаараа битүүний өдрөөс эхлээд л хотоос гарах машины цуваа түгжрэл үүсгэдэг. Утаа, түгжрэл, ажил, гэр ахуйгаасаа холдож аав ээж, ах дүү нартайгаа цөөн хоног ч болтугай уулзах баярын өдөр нь магадгүй цагаан сар. Хөдөө орон нутагт байгаа ахмадуудын хувьд ч тэр үр хүүхэд, ач зээ нартайгаа уулзах ганц завшаан. Цаашилбал “эвдэрсэн нь эвэлж, бутарсан нь цугладаг” гэх хэлц үг ч оргүй биш.

Ураг төрлөөрөө учран золгохын баярын утга учир нь энэ. Атал амралтын өдрүүдэд цагаан сарын баяраар аав ээж, ах дүү нартайгаа амжиж амар мэндийг нь мэдэж золгох эсэх нь хүртэл эргэлзээтэй болов. Жишээ нь, Увсад золголт хийлээ гэхэд замдаа явж байтал цагаан сар дуусах нь тодорхой болно.

Улаанбаатар хотоос 1300 км зайтай, машинаар багадаа л 12 цаг явна гэж бодвол хэзээ нь золгоод хэзээ гэртээ харих вэ? Энэ мэтчилэн иргэдийн хувьд цагаан сарын хоёр хоногийн амралтыг сунгах тухай хүсэлт эхнээсээ сошиалд хөвөрч эхлэв.

Муугаар ярихад, санд мэнд золгоонд яарч зам дээр давхиснаас үүдэн гэр бүлээрээ эрүүл мэнд, амь насаараа хохирохыг ч үгүйсгэхгүй. Магадгүй “эргээд ярина ажилдаа явахгүй бол болохгүй” гээд гэрээс нь гарсан хүн эргэж хэзээ ч ирэхгүй бол, өсөж торниж яваа үр хүүхдээ алдахыг, насан туршдаа харамсаад ч барахгүй эрүүл мэндээ алдахыг хэн ч хүсэхгүй нь тодорхой.

Харамсалтай нь, цагаан сарын баяр амралтын өдөр гэнэтийн гай зовлон ажил явдлаар дуусах нь бий.

Тухайлбал, 2019 оны цагаан сарын баяраар 13 хүн амь насаа алдаж 60 хүн гэмтэж байв. Амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь буюу 12 нь орон нутгийн замд зуурдаар өнгөрсөн гэх тоон мэдээлэл бий.

ЦАГААН САРААР ААВ ЭЭЖ, АХ ДҮҮ НАР ЛУУГАА ЯАРЧ ХУРД ХЭТРҮҮЛЭЭД ОСОЛД ОРОХ ЭРСДЭЛ НЭМЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ

Ялангуяа баяр амралтын өдөр давчуу байх тусам зам тээврийн осол гарах магадлал өсдөг болохыг Тээврийн цагдаагийн алба үгүйсгэсэнгүй. Гэхдээ цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж хяналт шалгалтыг явуулдаг тул өнгөрсөн жил баярын үеэрх осол аваарыг бууруулж чадсаныг тус газраас мэдээлэв. Энэ жил мөн адил өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана гэх тайлбар өгөв. Энэ талаар “Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд хүч нэмэгдүүлэн ажиллана.

Амралтын өдрүүдэд замын ачаалал буурдаг тул үүнийгээ дагаад зам тээврийн осол буурдаг. Гэхдээ баярын үеэр хөдөлгөөний эрчмээ дагаад магадлалаар зам тээврийн осол өндөр болохыг үгүйсгэхгүй.

Иймд бид эрсдлийг урьдчилан тооцоолж орон нутгийн замд 100 км тутамд хурд хэмжигч тавьж, шугамын эргүүлүүд жолооч нарыг хянаж шалгана” гэсэн юм. Мөн тус газраас орон нутгийн зам тээврийн ослын шалтгааны ихэнх нь жолооч нарын өөрсдийн хайхрамжгүй үйлдлээс болдог гэдгийг тодотгоод хэд хэдэн жишээ дурдсан. Тухайлбал, сар шинийн баяраар айл хэсэж яваа хүмүүс 100 татаад гайгүй байх гэж жолоо бариад осолд орох, баяраар аав ээж ах дүү нар луугаа яарч хурд хэтрүүлээд осолд орох эрсдэл нэмэгдэх хандлагатай байдаг аж.

ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ БАЯРААР 7 ХОНОГ АМАРДАГ ЖИШИГ ТОГТООХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ

Хэзээнээс л цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэсэн монголчуудын хувьд баяр, амралтын өдрүүд урт байх тусам зам гарах эрсдлээ тооцож аюулгүй байдлаа боддог бол давчуу байх тусам осол аваар гаргах эрсдэл нь нэмэгддэг бололтой. Харин сүүлийн үед хүний өөрийн элдэв баяр ёслол тэмдэглэж амардаг жишиг тогтсон монголчуудын тухайд жилд нийтээр тэмдэглэх баяр амралтын хуулиар 9 удаа амардаг.

Тухайлбал, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Бурхан багшийн дүйчин өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр, Улс тунхагласны баярын өдөр гэх мэтчилэн. Харин энэ бүх баяраар амрахын оронд уламжлалт Цагаан сарын баяраар олон хоног амардаг бол иргэдийн хувьд ч тэр, аж ахуйн нэгжүүдийн хувьд ч тэр, нийгэм эдийн засгийн талаасаа авч үзвэл аль аль талдаа ашигтай биз ээ.

Хөрш зэргэлдээ улс орнуудыг харахад манайх шиг онцгой өдөр бүрийг нийтээр тэмдэглэж амрахын оронд үндэсний баяраараа олон хоног амардаг жишээ олон бий.

Урд хөрш Хятадын тухайд авч үзвэл, бидэнтэй адил хамгийн том баяр нь цагаан сар байдаг. Баярын амралт нь жилээс жилд өөрчлөгддөг ч үндсэндээ 7 хоног байдаг. Зарим компани олон хоног амрах ч тохиолдол бий. Гэхдээ баяр нь 1-2 сар үргэлжилдэг.

Мөн Казахстан улс уламжлалт Наурызын баяраар 7 хоног амарч тэмдэглэдэг уламжлалтай. Харин монголчууд энэ жил баярын хоног нь амралтын өдрүүдэд таарч байгаад бухимдах нь арга ч үгүй биз. Тиймээс ядаж тав хоног амрах саналыг ч иргэд гаргаад байгаа юм.

ТАНИЛЦ: Хятадын цагаан сар болохтой холбогдуулан дараах хилийн боомтууд ГУРАВ ХОНОГ амарна
ТАНИЛЦ: Хятадын цагаан сар болохтой холбогдуулан дараах хилийн боомтууд ГУРАВ ХОНОГ амарна
 
П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдэх өдөр олон нийтийг хамарсан урлаг, спортын үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛОЛОО
П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдэх өдөр олон нийтийг хамарсан урлаг, спортын үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛОЛОО
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!