Дээд шүүх УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн цагаас түүний бүрэн эрхийн асуудал яригдах болсон. Улмаар шүүхийн шийдвэр гарнаас хойш сарын хугацаа өнгөрсөн атал УИХ тогтоол ирүүлээгүй гэдэг шалтгаанаар эргүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцээгүй байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнын хорооны дарга Б.Баярбаатартай ярилцлаа.
-Дээд шүүхийн шийдвэрийг УИХ хэрхэн авч хэлэлцэх вэ гэдэг нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил рүү дагуулна-
-УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Дээд шүүхээс гарсан шийдвэртэй холбогдуулаад эргүүлэн татах эсэх асуудал одоо хэр нь УИХ-аар яригдахгүй байгаа. Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш яг сар боллоо. Шүүхийн тогтоол ирсэн үү?
-Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүн гэхээс илүү энд зарчмын асуудал хөндөгдөж байгаа. Эрх зүйт төрийн гурван засаглал байдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал. Шүүх засаглал хараат бус байна. Энэ утгаараа өнөөдөр шүүхийн шийдвэрийг хэн ч хэлэлцэх эрхгүй.
Хоёрдугаарт, Дээд шүүхээс гаргасан тогтоол заавал ирэх ёстой. Тэр тогтоол гарч байж шүүхийн шийдвэр хэрэгжиж эхэлж байгаа юм. Шүүх шийдвэрлэхдээ яг ямар хуулийн ямар зүйл заалтыг үндэслэсэн бэ гэдгийг нь хармаар байна. Дээд шүүхийн шийтгэх тогтоол 30 хоногийн дотор албажиж ирэх ёстой. Шаардлагатай бол сунгана гэсэн хуулийн заалттай юм билээ.
-Өнгөрсөн сарын яг энэ өдөр Дээд шүүх шийдвэрээ гаргасан буюу хуульд заасан 30 хоног нь болчихлоо шүү дээ. Одоо хэр нь сураггүй байгаа тогтоолын хугацаа сунгагдсан гэсэн үг үү?
-Шаардлагатай бол дахин 30 хоног сунгах процесс явах байх гэж харж байна. Тэр тогтоол ямар байдлаар бичигдэж ирэх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална.
Тухайлбал, Дээд шүүх шийдвэрээ гаргачихсан байна. Тэр шийдвэрийг хэрэгжүүлэх үү, хэлэлцэх юм уу гэдэг хувилбар яригдана. Би хувьдаа Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Учир нь Үндсэн хуулийн 29-р зүйлд УИХ-ын гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол эргүүлэн татна гэсэн байдаг. Үүнээс үндэслээд УИХ-ын тухай хууль давхар яригдана. УИХ-ын тухай хуульд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэж УИХ тухайн гишүүнийг эргүүлэн татах эсэх тогтоол батална гэж заасан байдаг.
Миний хувьд УИХ-ын тухай хуулийн энэ зохицуулалтад мөн эсрэг байр суурьтай байгаа. Хэрэв Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтээр эргүүлэн татах шаардлагагүй гээд үзчихвэл яах вэ гэдгийг бодох л асуудал.
-Тийм дүгнэлт гарчихвал УДШ-ийн шийдвэрийг шууд эсэргүүцсэн болох байх?
-Тийм. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд эргүүлэн татах шаардлагагүй гээд тогтоол баталчихвал бас яах вэ гэдэг асуулт гарна. Шууд Үндсэн хуулийн зөрчил рүү явна. Миний байр суурь бол УИХ үүнийг хэлэлцэх нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал болно гэж дүгнэж байгаа.
Тиймээс УИХ-аар энэ асуудал яригдвал миний бие УИХ-ын гишүүний хувьд хуулиа барьж зарчмын байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэгт оролцохгүй.
-УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах нь зөв алхам болох байх-
-Дээд шүүхийн тогтоолыг хүлээж байж шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангана гэсэн зохицуулалт аль ч хуульд заагаагүй шүү дээ. Тухайлбал, Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкны гэх хэргээр шүүхээс ял шийтгүүлснийг хэвээр үлдээж, тэр даруй хорих анги руу авч явсан байдаг. Д.Цогтбаатарт УИХ-ын гишүүний халдашгүй байдал шүүхийн шийдвэрээс давж үйлчлээд байна уу гэж ойлгогдохоор байна?
-Даваагийн Цогтбаатар гишүүнд шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Хорих ял оноогоогүй байсан. Тэр хүнийг нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж, торгуулийн ял шийтгэл авсан гэж ойлгосон. Нөгөө талаараа яг ямар зүйл заалтыг үндэслэж шийдвэрлэсэн бэ гэдгээ Дээд шүүх тогтоолдоо тусгана. Тэндээс хуулийн гаргалгаа юу байж болох, хэлэлцэх эсэх дээрээ УИХ-д маргаан өрнөх байх. Хэлэлцэх асуудлыг би хувьдаа ёс зүйн зөрчил гэж харж байгаа.
- УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргавал яах вэ?
-Өөрөө хүсэлтээ гаргавал тэр нь харин зөв алхам болох байх. Өнөөдрийн түвшинд хууль тогтоох, шүүх засаглал хоёрын хоорондын харилцааг хангасан эрх зүйн зохицуулалт байхгүй байна гэж харж байгаа. Товчхондоо Дээд шүүх шийдвэрээ гаргачихсан. Тэр шийдвэрийг бид яаж авч хэрэгжүүлэх вэ гэдэг эрх зүйн зохицуулалт нь хомс байна гэж харж байгаа. Тиймээс гол учир Дээд шүүхээс ирэх албан бичиг ямар байх вэ гэдэг их анхаарал татаж байна.
-Энэ долоо хоногт УИХ-ын намрын чуулган хаана. Дээд шүүхийн тогтоол чуулган хааснаас хойш ирвэл ээлжит бус зарлаж хуралдана гэсэн үг үү?
-Тэр зохицуулалтыг сайн мэдэхгүй байна. Ээлжит бусаар хуралдах эсэх асуудал хуульд заасан зохицуулалтаар явах байх.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!