Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүд Дархан-Уул аймагт шилжин ирж үйл ажиллагаагаа явуулж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа газруудтай танилцлаа.
Байнгын хорооны дарга С.Ганбаатар, Байнгын хорооны гишүүн Д.Бум-Очир, М.Бадамсүрэн, Д.Энхтуяа, Б.Уянга, Д.Батбаяр, Г.Очирбат нар Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпорац, Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн салбар, Жижиг дунд үйлдвэрийн газраар зочилж, албан хаагчидтай санал солилцон мэдээлэл авсан юм.
Монгол Улсын Засгийн газрын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд төвийн бүсийг Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэх шийдвэр гарч ХХААХҮЯ Дархан-Уул аймагт шилжин ирж үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар салбарын сайд онцоллоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” аяныг эрчимжүүлж, “Атрын IV” аяныг эхлүүлэхээр болсоноо Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.
УИХ-ын гишүүд салбарт бодлогын шинэчлэл хийж, томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг дэмжин ажиллахаа илэрхийлж, газар тариалан эрхлэгч, малчид, ногоочид, Жижиг дунд үйлдвэрийнхэнд хүрч ажиллахыг захиж байв.