АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 20-ны өдрийн 12.00 цагт тангараг өргөсөн. Тэрбээр тангараг өргөх ёслолын үеэр "Америкийн алтан үе ирлээ" гэж онцолсон юм. Тус улсын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын улс төр, гадаад бодлогын шийдвэрийн талаар Улс төр, олон улс судлаач П.Мягмардоржтой ярилцлаа.
--------------------------------
-Саяхан 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөлөө. Ажлын эхний өдрөө л эрчим хүчний болон хилийн бэлэн байдал зарлаж Америкийн худалдаа, татвар, цагаачлал, эрчим хүчний бодлогод бүрэн өөрчлөлт хийх захирамжуудад гарын үсэг зурахаа мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Доналд Трампын шийдвэр Монголд хэр нөлөөлөх бол?
-АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп эргэн сонгогдож байна. Өмнө нь 2017-2021 оны хооронд 45 дахь Ерөнхийлөгчөөр ажилласан. Тэр үед огцом шийдвэрүүд гаргаж байсан. Энэ дунд цагаачлалын асуудал том байр суурь эзэлж байсан. Юуны түрүүнд гарч буй багц зарлиг шийдвэрүүд нь хил дээр хууль бус цагаачдын эсрэг хатуу байр суурь илэрхийлж байх шиг байна.
Мөн гадаад бодлогын хувьд, Хятадтай харилцах харилцаан дээр өндөр тариф тогтоосныг худалдааны дайн гэж нэрлэж байсан. Өмнө нь Доналд Трамын засаглалын үед гаргаж байсан шийдвэрүүд нь өнөөдөр үргэлжилж байна уу, эсвэл Жо Байдены үед өөрчлөгдсөн үү гэх зэрэг олон асуудал яригдах байх. Ялангуяа Хятадтай харилцах харилцааны тухайд Жо Байден Доналд Трампын өмнөх бодлогыг өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байна. Ялангуяа цагаачлалын хувьд хилийн онцгой объектыг зарлаж байна. Ер нь Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болж гадаад бодлогын шийдвэрийн түлхүүрийг атгах болсноор Монгол Улсад ямар нөлөө үзүүлэх вэ гэх асуултад хариулахад мэдээж олон хүчин зүйлийг тооцож үзэх ёстой болох байх. Том агуулгаар нь авч үзвэл, Доналд Трамп Бүгд Найрамдах Намаас нэр дэвшиж сонгуульд ялалт байгуулсан. АНУ-ын улс төрийн шийдвэр гаргалтад Бүгд Найрамдах нам, Ардчилсан нам гэх хоёр том нам байдаг. Энэ хоёр намын Монголтой харилцаж байсан дүр зургийг эргэж харвал 2005 онд бага Буш буюу хүү Буш Монгол Улсад айлчилсан анхны Ерөнхийлөгч байсан. Бүгд найрамдах намаас сонгогдсон хүн л дээ. Энэ үед Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд зориулсан “Мянганы хөгжлийн сан”-д тодорхой багц 285 сая ам.долларыг баталж байсан. Доналд Трампыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж байсан бөгөөд энэ үед мянганы хөгжлийн сорилтын сангийн хоёр дахь төсөл Монголд хэрэгжиж өнөөдөр Улаанбаатар хотын ундны усны асуудлыг шийдвэрлэж байна. Тэгэхээр Бүгд Найрамдах Намаас Монгол Улсад хандах хандлага нь Ардчилсан намтай харьцуулахад илүү эерэг дүр зурагтай байна. Энэ утгаар нь авч үзвэл том агуулгаар эерэг нөлөөллийг үзүүлж магадгүй.
-ДОНАЛД ТРАМПЫН ГАДААД БОДЛОГО ТОМООХОН СОРИЛТУУДТАЙ НҮҮР ТУЛАХ БАЙХ-
-Бас анхаарал татаж байгаа нь Украины дайныг зогсооно гэдгээ мэдэгдээд байгаа. Түүний хувьд ОХУ-ын эзлэн түрэмгийллийн эсрэг явуулж буй бодлогыг хурцаар шүүмжилж ирсэн. Мөн таны хэлсэнчлэн гадаад бодлогын хувьд Хятадтай харилцах харилцааны тухайд нэлээн анхаарал татаж байгаа нь тарифын асуудал шүү дээ. Цаашилбал, Америк Орос болон Хятадтай хэрхэн харилцах гадаад бодлого, эдийн засгийн шийдвэрээс шалтгаалж Монгол Улсад эерэг эсвэл сөргөөр нөлөөлж болзошгүй байх?
-Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, геополитикийн бүс нутагт үүсээд буй хямрал мөргөлдөөн ялангуяа Евро Азийн орон зайг тойрсон Орос Украины дайн Европын Дорнод хил дээрх асуудал, Ойрхи Дорнодын асуудал, Израил, Палистины асуудал, Өмнөд Хятадын тэнгис буюу Тайваньтай холбоотой Хятад гэсэн гурван бүс нутаг дээр авч үзвэл Доналд Трампын гадаад бодлого томоохон сорилтуудтай тулгарах байх. Гэтэл энэ гурван бүс нутагт үүсээд буй хямралын хоёрт нь манай хоёр хөрш татагдан орох боломжтой. Нэг нь Орос-Украины дайны асуудал. Доналд Трамп сонгуулийн сурталчилгааны үед Орос Украины дайныг зогсоох энхийн яриа хэлэлцээг хоёр улсын хооронд эхлүүлнэ гэж мэдэгдэж байсан.
Орос, Украины дайн намжиж хоёр тал яриа хэлэлцээрийн замаар асуудлаа шийдвэрлэсэн тохиолдолд Монголд ямар нөлөө үзүүлэх вэ гэх асуулт гарч ирнэ. Хэрэв энэ хоёр улсын хооронд үүсээд буй дайн зогсвол Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ /18 мянга гаруй хориг тавьсан/ аажим аажмаар суларна. Энэ хүрээнд Орос, Баруун Орос, Европын улс орнуудтай харилцах харилцаанд эерэг үзүүлэлтүүд гарна. Ингэснээр Оросын байгалийн хий, газ бусад экспортын урсгалууд нэмэгдэх байх. Энэ хэрээр дэлхийн зах зээл дээрх нефть, газ, байгалийн хийн борлуулалтын үнэд шууд нөлөөлж болзошгүй. Нөгөөтээгүүр, өнөөдрийн эдийн засгийн хоригт орсон нөхцөлд бол Оросын гадаад бодлого бүхэлдээ Ази руу чиглэж Хятадтай харилцаж байна. Оросын хувьд Хятадтай харилцах монголын асуудал их чухал болж байгаа юм. Монголын геополитикийн байршлын асуудал чухал учраас хоёрдмол дүр зураг бий болж байна. Том дүр зургаар харвал, Монголын гуравдагч хөршийн Европтой харилцах харилцааны асуудал, агаарын орон зай, хил нээгдэх, транзит тээвэрлэлтийн асуудал зэрэгт эерэг нөлөөллүүд өгч болох байх. Нөгөөтээгүүр, Хятадтай харилцах тал дээрх Доналд Трампын бодлогын асуудал яригдана. Тарифыг 60 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж яригдаж байна. Америк, Хятадын хувьд хамгийн гол асуудал нь Тайваны аюулгүй байдлын талаарх байр суурь юм. Хэрэв Хятадын эсрэг тарифын бодлого нэмэгдвэл эдийн засгийн либералчлал, эдийн засаг дэлхий дахинд саармагжиж эхлэх болов уу. Энэ хэрээр Хятадын гол экспортын бүтээгдэхүүнүүд ч бас буурах байх. Үүнийг дагаад Хятадын эдийн засаг зогсонги байдалд орж эхэлнэ. Хятадын эдийн засгийн нэг том салбар нь барилгын салбар бөгөөд 30 гаруй хувийг эзэлж байна. Энэ салбар саармагжиж эхлэхэд гангийн үйлдвэрлэл, ялангуяа хүнд үйлдвэрлэлд бусад салбарууд нь хүндрэлд орвол монголын хувьд Хятад руу нийлүүлэх нүүрс, байгалийн гаралтай ашигт малтмалын хэмжээ буурч эхлэх, үнэ унах зэрэг үр дүнгүүд гарч магадгүй. Ялангуяа коксжих нүүрсний гол зах зээл нь урд хөрш. 2024 оны Хятадын коксжих нүүрсний импортод Монгол Улс маш том байр суурь эзэлж байна шүү дээ. Хэрэв Доналд Трамп Хятадын бүх салбаруудад тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарт хориг тавьж эхэлбэл Хятадын үйлдвэрүүд хилийн чанад руу гарах, АНУ-тай худалдааны дайнгүй байгаа улсууд руу үйлдвэрээ шилжүүлэх нь нэмэгдэж магадгүй. 1990-ээд онд Хятадын хөрөнгө оруулалтаар маш их оёдлын үйлдвэрүүд монголд ажиллаж, монголын нэрээр АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүн гаргаж байсан үйл явдал болсон. Хэрэв ийм дүр зураг дахин давтагдвал Монголд Хятадын хөрөнгө оруулалтууд нэмэгдэхийн хэрээр өргөн хэрэглээний, ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбарын зарим нэг үйлдвэрүүдээ байгуулна. Мэдээж Бангладеш, Зүүн-Өмнөд Ази зэрэг гадны том ажиллах хүчний том зах зээл байгаа ч үүний багахан хувь нь Монголд орж ирэх магадлалтай. Тэгэхээр эерэг, сөрөг аль аль талын асуудал гарч байна.
-ДОНАЛД ТРАМП УКРАЙН, ОРОСТ ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ БАЙХ. ГЭХДЭЭ ОРОС ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ НЬ ЮУ Л БОЛ...-
-Орос, Хятад бол манай улсын мөнхийн хөрш. Энэ хоёр том гүрний талаар нэлээн чухал асуудлуудыг та яриандаа хөндлөө. Юуны өмнө Оросын тухайд ярихад Украины дайнтай холбоотой хэрэв эдийн засгийн хориг чөлөөлөгдвөл Монголын эдийн засаг өсөх хүлээлт, таамаг байна. Наанадаж ямар эерэг хүлээлт үүсэх бол. Судлаач хүний хувьд та хэрхэн харж байна?
- Орос, Украины дайн, Оросын гадаад бодлого, геополитикийг бага зэрэг судалдаг хүний хувьд ярихад, Америкийн Украины дайны асуудлаар Оростой хийх яриа хэлэлцээр энэ ондоо арай амжихгүй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл, Доналд Трамп магадгүй Украиныг шахах байх. Оростой яриа хэлцэл хийлгэхийн тулд магадгүй тус улсад үзүүлж буй цэрэг, эдийн засгийн туслалцааг зогсоож болзошгүй. Нөгөө талд, Оросод бас шахалт үзүүлэх байх. Үүнийг мэдээж Хятад, Иран, Энэтхэгт нөлөөлөх замаар Оросын нийлүүлж буй газрын тос, байгалийн баялгийн Энэтхэгийн импортыг саармагжуулах, ямар нэгэн арга сүвэгчлэх, Иранд нийлүүлж буй дронууд ялангуяа Хятадын өндөр технологийн хагас дамжуулагчийн болон чипийн нөлөөлөл дээр хориг орох байх.
Өөрөөр хэлбэл, Хятадыг давхар хоригт оруулах замаар Оросыг шахна. Тус улсын эдийн засаг дайны байдлаас үүдэлтэй маш хүнд байгаа. Судлаачдын үзэж байгаагаар нэг жил хагасын дараа эдийн засаг нь хүндэрч эхэлнэ. Энэ нөхцөл байдлыг харвал, магадгүй Орос яриа хэлэлцээрт суухыг үгүйсгэхгүй байх.
Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгох нь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хувьд баруунтай тохиролцох гол асуудал нь Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх, төвийг сахиулах, одоо хяналт тогтоосон байгаа Донецк, Луганск, Херсон, Запоржье дөрвөн мужийг Оросын газар нутаг гэж барууныхан хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр энэ тал дээр буулт хийх үү, үгүй юу гэдэг нь том асуудал. Хэрэв буулт хийж эдийн засгийн хоригууд саармагжиж эхэлбэл, Оросын эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч эхлэх байх. Энэ жилийн улсын төсөв нь гэхэд л дайны эдийн засаг руу шилжүүлсэн байна шүү дээ. Тиймээс үүнийг дагаад Монголд ямар шууд нөлөөлөл үүсэх эсэхийг яг одоо хэлэхэд бэрх. Оросын хувьд Евро-Азийн эдийн засгийн холбоотой байгуулах Монгол Улсын түр хэлэлцээрийг нэлээн шахаж байгаа.
Өөрөөр хэлбэл, АНУ болон баруун тэргүүтэй эдийн засгийн холбооны механизмын эсрэг Орос өөрийн геополитикийн орон зай дахь эдийн засгийн нөлөөллийг тогтоохын тулд Беларусь, Армен, Төв Азийн улс орнуудтай байгуулсан түр хэлэлцээрийн замаар Монголыг шахаж оруулах гэсэн сонирхол байгаа.
Монголын эсрэг эдийн засгийн зарим хоригийн тухайд, Монгол Улс ОХУ-д бараа бүтээгдэхүүнээ борлуулах тариф өндөр байгааг эргэж харах ч юм уу. Үүнийг сайн хэлж мэдэхгүй. Нөгөөтээгүүр, Оросын газрын тос, байгалийн баялаг, барууны зах зээл рүү хэрэв урсвал гурван хоолойны нэг нь Украинаар дамжсан. Тус улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр нэгдүгээр сарын 1-нээс дундах хоолой зогслоо. Үүнээс болж баруунд нэлээн том асуудал үүсэж байх шиг байна. Үүний эсрэг Словакын Ерөнхий сайд, Унгарын Ерөнхий сайд зэрэг сөрөг байр суурь илэрхийлж байна. Үүнээс үүдэн Европын холбоо ч бас нэлээн асуудалтай болж байх шиг байна. Эл нөхцөл байдлаас шалтгаалан Оросын байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх урсгалууд нэмэгдвэл дэлхийн зах зээл дээрх үнэд өөрчлөлт орох байх. Энэ нь Монголд тодорхой нөлөөлөл үзүүлэх магадлалтай.
-Ер нь Доналд Трампыг хэлсэндээ хүрдэг гэж тодорхойлдог. Түүний гаргасан гэнэтийн шийдвэрүүдийг зарим нь шоолох байдлаар ч хүлээн авдаг бас дэлхий нийтээр цочирддог. Ялангуяа цар тахлаас хойш олон жил үргэлжилж буй Орос, Украины дайныг зогсооно гэж амласан нь биелэх эсэхэд зарим олон улсын судлаач нар эргэлзэж байна. Магадгүй таны хэлсэнчлэн эдийн засгийн хориг арга хэмжээ, шахалтуудаар дамжуулан дайныг ойрын жилүүдэд зогсоох магадлалтай гэж харж байна уу?
-Дайн зогсохыг Доналд Трамп дангаараа шийдэхгүй. АНУ-ын гадаад бодлого гаргах, шийдвэр гаргах тогтолцоо бол асар хүчтэй олон судлаач, мөнгө санхүүгийн чадалтай бүлэглэлүүд шийдвэр гаргалтад нөлөөлж байдаг. Доналд Трамп гарч ирээд л хэлснээрээ бүгдийг хийх боломж нэгт байхгүй. Хоёрт, АНУ-ын Үндсэн хуульд дайны байдал зарлах, цуцлах, олон асуудлаар Ерөнхийлөгчийн тавьсан шийдвэрүүдэд Конгресс хориг тавих эрхтэй. Өнгөрсөн намрын сонгуулийн үр дүнд Бүгд Найрамдах Нам, элч төлөөлөгчдийн танхим Сенат дээр олонх болсон. Гэхдээ Бүгд Найрамдах Нам дотроо маш олон фракц, бүлэглэлтэй. Доналд Трамптай санал нийлдэггүй улс төрчид ч бий. Тэгэхээр өмнөх сонгуулийн дөрвөн жилийн шийдвэр гаргалтад хумигдсан асуудлаа эерэгээр шийдэхийн тулд энэ жилийн ЗГ-ын бүтцэд технологийн салбарын томоохон хөрөнгө оруулагч нарыг оруулж байна. Эрх мэдэлтэй, хөрөнгө санхүүгийн чадвартай хүмүүстэй хамтрах байдлаар өөрийн шийдвэрийг тэдгээрээр дэмжүүлэх байх.
Нөгөө талд, анзаарсан бол “өрөмдөлт, өрөмдөлт, өрөмдөлт”. Өөрөөр хэлбэл, Парисын цаг уурын амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрээс гарлаа. Энэ нь шатдаг түлш, байгалийн хий, нүүрсний олборлолтыг нэмэгдүүлнэ. Тиймээс уул уурхайн салбарынхан ч бас Дональд Трампыг дэмжих байдал руу орно.
Энэ нөхцөл байдлаас шалтгаалан Доналд Трамп гадаад бодлогын шийдвэр, ярьж буй амласан шийдвэрүүдээ хэрэгжүүлэхийг хүсэж байгаа нь илт байгаа юм. Бодит байдал дээр хэрэгжих үү гэвэл, Орос, Украины дайныг зогсооно гэдэг нь юу л бол. Орос Доналд Трампын хүссэнээр яриа хэлэлцээрийн ширээнд суухгүй. Оросын хүсэж буй зүйл тодорхой. Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх. Миний бодлоор энэ жил дайныг зогсоож дуусгана гэдэг эргэлзээтэй.
-АМЕРИК, ХЯТАД АСУУДЛЫГ ХҮНДРҮҮЛЖ ТАРИФЫН ХЯМРАЛ, ДАЙН ӨРГӨЖВӨЛ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ТОМ ХЯМРАЛ РУУ ЧИРНЭ ГЭДГИЙГ ТАЛУУД МЭДЭЖ БАЙГАА-
- Та яриандаа Хятадтай холбоотой нэлээн чухал асуудлуудыг хөндлөө. АНУ болон Хятад дэлхийн тэргүүлэх эдийн засаг. Энэ хоёр том гүрний хооронд 2018 оноос хойш яригдаж буй худалдааны дайн цаашид үргэлжлэх үү гэх болгоомжлол байна. Магадгүй АНУ, Хятад хоорондоо тохиролцож чадахгүй бол 60 хувь хүртэл тариф нэмлээ гэж бодоход цаашилбал Хятадаар дамжуулан эргээд Монголын эдийн засагт хүндрэл үүсгэж болзошгүй. Ирэх онд эдийн засаг 6-7 хувиар өснө гэж таамаглаж байгаа, экспортоо 83 сая тонн хүртэл хэвээр хадгална гэж байна. Гэхдээ энэ нь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй?
-Оростой харьцуулахад Доналд Трампын хувьд ОХУ-тай яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаа ч тэр нь В.Путинээс шалтгаална. Хятадын хувьд АНУ-тай яриа хэлэлцээ хийхийг хүсэж байгаа. Доналд Трамп ч хүсэж байгаа. Яагаад гэвэл, энэ хоёр улс эдийн засгийн хувьд маш их харилцаа хамааралд орсон. Орос шиг биш шүү дээ. Оросын хувьд дэлхийн эдийн засагт 2 хүрэхгүй их наяд эргэлдэж байхад АНУ, Хятадын эдийн засаг аль аль нь 20 их наяд төгрөг давсан. Энэ хоёр улсын эдийн засаг дэлхийн эдийн засгийн 40 гаруй хувийг эзэлж байна.
Тэгэхээр Америк, Хятадын хувьд цаашид асуудлыг хүндрүүлж тарифын хямрал, дайн зэрэг өргөжвөл дэлхийн эдийн засгийн маш том хямрал руу чирнэ. Үүнийг хоёр тал ойлгож байгаа.
Тиймээс Дональд Трамп сонгуулийн тангараг өргөх ёслолд Ши Жиньпин даргад урилга хүргүүлсэн нь Хятадтай яриа хэлэлцээ хийе. Эргээд Хятадын дэд даргыг тангараг өргөх ёслолд оролцуулсан нь Хятадын талд АНУ-тай диль хийх сонирхол байна гэдгийн илрэл юм. Харин Хятад, Америк хоёр улсын дунд Тайванийн асуудал, Өмнөд Хятадын Тэнгис дэх цэргийн баазын асуудал, цаад АНУ-ын холбоот улс болох Филифин, Вьетнамтай асуудал үүснэ. Гуравт, дэлхийн технологи, хагас дамжуулагч буюу чипийн хулгай, өндөр технологийн АНУ-ын давамгай байдалд Хятад заналхийлж эхэлж байна. Энэ гурав дээр асуудал байгаа.
Асуудлаа шийдэхийн тулд харилцан буултууд хийх хүсэл эрмэлзэл байна. Магадгүй 60 хувь гэдэг нь сүрдүүлэх замаар хариу реакц Хятадын талаас яаж ирэх вэ. Тэгэхээр бас л харах л үлдэж байна.
Олон улсын харилцаанд хар хунгийн эффект гэж байдаг. Огт тооцоолж байгаагүй ямар нэгэн шийдвэрүүд гарч мэдэхээр болж байгаа юм. Энэ нь Доналд Трампын хувь хүнтэй холбоотой. Хоёрт, дэлхийн улс төр геополитикийн нөхцөл байдалтай холбоотой яаж ч мэдэхээр байна. Дээр нь дэлхийн улс төрийн орчин ерөнхийдөө үзэл санааны хувьд барууны чиглэл руу явж байна. Уламжлалт хувиа хичээсэн үзэл. Энэ нь мэдээж цар тахлаас үүдэлтэй Орос, Украины дайнаас үүдэлтэй улсууд зөвхөн өөрийн эрх ашгийг дээдэлсэн зөвхөн риалист гадаад бодлого явуулж эхэлж байна. Нэг талдаа энэ нь даяарчлалын хүчин зүйлд сөрөг нөлөөтэй.
Даяарчлалын хүчин зүйл ухарч зогсонгишиж глобалчлал хязгаарлагдаж харилцаа нь эдийн засгийн ашигтай хамтын ажиллагаанууд саармагжиж эхэлбэл өнгөрсөн зуунд болсон 1929 оны санхүүгийн хямралын дараах шиг үйл явдал болно. Үүнийг дагаад улс төрийн томоохон хямралууд үүснэ. Дараа нь маш том дайн ч үүсэж магадгүй. Үүнийг хоёр тал ойлгож байгаа.
Тийм учраас яриа хэлцэл хийх оролдлогуудыг хийнэ. Гэхдээ өөр, өөрсдийн эрх ашгийг л бодно. Мөн Хятадын хүчин зүйл ч бас байна. Хятадын талаас сөргөлдөнгөө хамтран ажиллах байр суурийг илэрхийлээд байгаа юм. Яах вэ, үнэхээр том хоёр эдийн засаг, том хоёр улс. Дэлхийн улс төрийн бодлого буюу Америкийн давамгайлал зогслоо. Энэ нь мэдээж олон улсын валютын сан, дэлхийн банк, дэлхийн худалдааны байгууллагын НҮБ дээр байна. Үүний эсрэг БРИКС-ийн систем ажиллаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 2024 оны аравдугаар сард Казань хотноо болсон уулзалтаар БРИКС-ийн улс орнуудын тоо өнөөдөр 10 гараад явлаа. Он гараад Тайланд түнш улс боллоо, Индонез гишүүн боллоо. Ингэснээр дэлхийн эдийн засгийн хүн амын 50 хувь, үйлдвэрлэлтийн 50 хувь, худалдааны 50 гаруй хувь зэрэг барууны эсрэг маш том эвсэл бий болж байна. Гэхдээ энэ нь одоохондоо ямар нэгэн шийдэлд хүрсэн, ам.долларыг дэлхийн худалдаанд солих ч юм уу, цахим валют бий болгох тухай ярьж байгаа ч одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй л байна.
Тэгэхээр 2025 он бол монголчуудын хувьд юуг харах вэ гэхээр юу ч болж мэднэ. Орос Украины дайн зогсож мэднэ, үргэлжилж ч мэднэ. Хятад, Америкийн хооронд худалдааны дайн маш өргөн салбарт өрнөж ч мэднэ. Харин энэ гэрээн дээр талууд зогсож ч мэднэ. Тэгэхээр бидний хувьд гадаад орчны судалгааг маш сайн хийж байх ёстой.
Ялангуяа таамаглалууд, геополитикийн гэнэтийн хүчин зүйлүүд, хиймэл оюуны хүчин зүйл, уур амьсгалын өөрчлөлтийн хүчин зүйл. Дашрамд дурдахад АНУ-ын Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараа гаргаж буй том шийдэл бол Парисын хэлэлцээрээс гарахаар шийдвэрлэлээ. Уур амьсгалын тохиролцсон тохирооноосоо гарч байгаа нь нөгөө нефть, нүүрс зэрэг хатуу түлшүүдийн олборлолт нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний томоохон тоглолтууд явах байх. Бидний хувьд нэг хөзөр бол нүүрс. Тиймээс нүүрсний экспортыг богино хугацаанд л гаргах хэрэгтэй. Бидний хувьд дотоод асуудлаа л шийдэх хэрэгтэй.
Гадаад орчныг судлахаас гадна хамгийн түрүүнд улс төрийн нэгдмэл байдалтай байж гадагшаа нэг цонхны бодлогоор харилцаж нүүрс, зэс, ураны хэлэлцээр, Евро-Азийн эдийн засгийн холбоотой хийх түр хэлэлцээр зэрэгт бид дотроо эв нэгдэлтэй, нэг дуу хоолойтой, нэг ойлголцолтой болж байж энэ хүнд үеийг даван туулна.
Үгүй бол дотроо хоорондоо алалцаантай, ураны төсөлд иргэд нь хоорондоо хагаралтай, Евро-Азийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээр дээр ийм асуудалтай, нүүрсний хулгай, газрын ховор элементүүдтэй холбоотой асуудал дээр бид ийм богино цаг хугацаанд дотроо улс төрийн хүрээнд зөвшилцөлд хүрч цонх онгойж буюу Хятадын эдийн засгийн эзрэх том байр суурь өсч байгаа энэ үед нүүрс, зэс, газрын ховор элемент, байгалийн баялгаа боломжийн хэрээр борлуулж сангаа өргөжүүлж бэхжүүлж бусад салбараа хөгжүүлэх гэдэг дээр анхаарах хэрэгтэй байх.
-УЛС ОРНУУД ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ НҮҮРС, НЕФТЬ, БАЙГАЛИЙН ХИЙГЭЭ ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛБЭЛ ТОМ ӨРСӨЛДӨӨН ҮҮСНЭ-
-Жишээ нь, саяхан манайх Ураны төсөлд Францын “Орона Майнинг” групптэй хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Энэ бол гуравдагч хөршийн хоёр дахь том хөрөнгө оруулалт. Харин Орос, Хятад хоёр хөрш Монголыг мөнхийн хараат байлгах сонирхол ч бий, шахаа ч бий. Тиймээс энэ гэрээ хоёр хөршийн хамаарлыг бууруулж байна гэж яригдах боллоо. Нөгөөтэйгүүр, цөмийн энерги эрчээ авч байгаа өнөө үед Хятад дараагийн уран худалдан авах том зах зээл болох хүлээлт үүсээд байх шиг. Харин Д.Трампын шийдвэр уул уурхай, шатдаг түлшийг дэмжээд байна шүү дээ. Өмнө нь уур амьсгалын өөрчлөлтөөс олон бодлого шийдвэрээс татгалзаж байсан. Уул уурхайг дэмжээд байна?
- Үгүй. Харин ч Дональд Трампын Парисын хэлэлцээрээс гарч буй шийдвэр нь хатуу түлш буюу хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг салбарыг дэмжиж байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл, дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийг 2030 он хүртэл 2 хувьд барих гэсэн тэр амлалтуудаасаа татгалзаж эхлэх байх. Энэ нөхцөлд мэдээж байгалийн хатуу түлшний борлуулах зах зээл, өрсөлдөөн улам нэмэгдэнэ.
Улс орнууд хүлээсэн үүргээсээ татгалзаж нүүрс, нефть, байгалийн хийгээ экспортолж эхэлбэл том өрсөлдөөн гарна. Энэ хүртэл бид байгалийн баялгаа зарж байх ёстой. Үүний тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Нүүрс ч яах вэ зараад болдог байж. Гэтэл газрын ховор элемент, зэс гэх мэтчилэн өндөр технологи шаардагдах хөрөнгө оруулалт заавал орж ирнэ.
Хөрөнгө оруулалт гэдэг нь шууд болон шууд бүс шүү дээ. Шууд нь мөнгөн дүнгээр, шууд бус нь ноу хау, технологи, инженерчлэл, ажиллах хүчин зэрэг багтаж байгаа юм. Энэ нь таны хэлсэнчлэн хойд хөршийн геополитикийн нөлөөлөл байгаа юм. Үүнийг сөрөн зогсохын тулд гадаад бодлогын үзэл баримтлал дээр гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж заасан.
Энэ хүрээнд Францтай хийж буй ураны хэлэлцээр тохиролцсон тохиролцоогоо бид хариуцлагагтайгаар цааш нь мөрдөж авах ёстой. Энэ нь өөрөө манай гадаад бодлого аюулгүй байдлын маш том чухал баталгаа.
Ураны салбарт хамтран ажиллах тухай Засгийн газрын тухай гэрээ хэлэлцээр бол барууны өндөр хөгжилтэй Ардчилсан улсын Монголд хөрөнгө оруулж эхлэх нь монголчууд бидний хувьд дараа дараагийн хөрөнгө оруулалтыг татах шанг татаж буй ийм үйл явдал болж байгаа юм. Францын хамтарсан Ураны төсөлд ард түмэн сайн ойлгох хэрэгтэй байх. Мэдээж эрсдлийг ярилгүй яах вэ.
Ардчилсан улс учраас дотроо зөрүүтэй байлгүй яах вэ. Гэхдээ энэ хүнд цаг үед геополитикийн сөргөлдөөнтэй үед гуравдагч хөршийн бодлогоо арчлан хамгаалж явах ёстой. Энэ нь гуравдагч хөршийн гэдэг нь өндөр хөгжилтэй ардчилсан улсуудын Монгол дахь хөрөнгө оруулалтыг бодитоор бий болгоно.
Тиймээс биш тунхагийн чанартай улс төрийн хувьд та нарыг дэмжиж байна шүү гэдэг замаар бол явахгүй. Яагаад гэвэл геополитикийн байршлаа бодвол гуравдагч хөршүүдийн өндөр хөгжилтэй улсуудын бодит ашиг сонирхол буюу хөрөнгийг бий болгох ёстой. Тэгээд энэ Хятад гэх том зах зээл бий болж байна. Ирээдүйд хиймэл оюун ухаан, цахилгаан машины эрин үе газрын ховор элемент рүү, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ураны салбар өмнөд хөрш 2025 онд дэлхийн атомын эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд нэгт орно гэж байгаа. Тэгэхээр энэ бол түүхий эд борлуулах том зах зээл урд хөршид байна. Бидний хувьд өөрсдөө ураны, цөмийн эрчим хүчний цахилгаан станц барих эсэх нь дараагийн асуудал. Эхний ээлжид одоо нээгдсэн баялгийн хэмжээгээр дэлхийн ТОП-10-т багтсан учраас үүнийгээ экспортолж мөнгө олж үүнийгээ нийгэм, эдийн засагт шингээж улс маань хурдан хөгжиж мөнгөтэй л болмоор байна.
Нэг хүнд ногдох орлогоо богино хугацаанд өсгөх хэрэгтэй байна. Иймд дотоод улс төрийн хувьд хагаралаа хэсэг хойш нь тавьж зоригтой тодорхой шийдвэрүүдийг гаргаж ялангуяа гуравдагч хөршийн зүгээс оруулж буй хөрөнгө оруулалт дээр дэмжлэг үзүүлж /улс орноо худалдана гэсэн үг биш/ харилцан ашигтай хамтын ажиллагаа гэрээ хэлэлцээрүүд байгуулах нэн шаардлагатай.
-АМЕРИКИЙН ГАДААД БОДЛОГО, ДОНАЛД ТРАМПЫН ШИЙДВЭРЭЭС ИЛҮҮ БИД ҮНДЭСНИЙ АШИГ СОНИРХОЛД НИЙЦСЭН НЭГДМЭЛ БАЙР СУУРЬТАЙ БАЙХ ЁСТОЙ-
- Бас Доналд Трамп тангараг өргөх ёслолынхоо үеэр Америкт шинэ “алтан үе” авчирна гэж амласны дараа хувьцаа, биткойны ханш өсөх зэргээр банк санхүү, хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлж байна. Хэдий бодлогын хүү нь буурч байгаа ч инфляци өндөр байгаа нь Монголд аажмаар ам.долларын ханш чангарах байдлаар инфляцын дарамт үүсэх, эдийн засагт хүндрэл үүсгэж болзошгүй гэх болгоомжлол ч бий. Энэ тухайд та хэрхэн харж байна?
- Улс төр, геополитик судалдаг хүний хувьд эдийн засгийн ямар нэгэн дарамт шахалт ялангуяа гадаад валют, санхүүгийн хувьд хэлж мэдэхгүй. Ямартай ч Д.Трампын хувьд технологийн салбарын томоохон хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллахаар болж байна. Элон Маскын койны өсөлтийг харвал маш хурдацтай өсч байна. Дашрамд дурдахад, Доналд Трамп өөрийн Fight нэртэй койн гаргасан. Ердөө 19-нд 7 тэрбумаар үнэлэгдэж байсан бол тангараг өргөх ёслолын үеэр 10 тэрбум болж өссөн. Яг л үүнтэй давхцан Трампын эхнэр Миланиа Трамп өөрийн нэрийн койныг гаргаж байна. Финтек салбар луу хүчтэй орж эхэлж байна л даа. Тэгэхээр технологийн салбаруудын хөрөнгө оруулалт өсөх байх.
Доналд Трампын хувьд татварыг бууруулна гэж зарласан. Татварыг бууруулах замаар ажлын байр нэмэгдүүлж инфляцыг бага хувьд барих, бодлогын хүүгээ өсгөхгүй улам бууруулах тал дээр бодлого барьж байгаа. Энэ өнцгөөс харвал Монголд айхтар валютын сөрөг нөлөөү үзүүлэхгүй байх. Харин дахин хэлье, АНУ-ын ам.долларын ханш өсөх, буурах нь биднээс л шалтгаална.
Бид ам.долларынхаа ханшийг тогтвортой барьж төгрөгийг чангаруулахын тулд ам.долларын ахиу урсгал Монголд орж ирэх ёстой. Энэ урсгал нь нүүрс, зэс, газрын ховор элементээ зарж байж Монгол хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлнө.
Энэ тал дээр мөн л Америкийн гадаад бодлого, Доналд Трампын шийдвэрийн нөлөөнөөс илүү манай улсын дотоод улс төрчдийн шийдвэр гаргалт дээр үндэсний ашиг сонирхолд нийцсэн нэгдмэл нэг байр суурьтай байх ёстой.
Тиймээс биш улс төрчдийг харахаар олон фракц бүлэглэл бий болж, тэр бүлэглэлийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гардаг, цаашид хувь хүний ашиг сонирхолд нийцсэн өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэрүүд гаргахаар эргээд Монгол Улсын ашиг сонирхол, олон нийтэд үзүүлэх нөлөө нь сөрөг байгаа юм. Тэгэхээр бид үндэсний ашиг сонирхлоо дээдэлсэн, нэгдмэл, залгамж чанартай, Засгийн газар солигдоход өөрчлөгддөггүй байх ёстой. Одоо харахад шинэ Засгийн газар байгуулагдсны дараа бодлогын чанартай шийдвэр гаргах ёстой яам, Тамгын газар, агентлагууд дээр улс төрийн хүмүүс, хилийн чанад дахь гадаад томилгоонд улс төрийнхөн очиж байгаа нь сөрөг үр дагавартай. Иймд ялангуяа амин чухал, аюулгүй байдалд нийцсэн бодлогын шийдвэрийг гаргахдаа үндэсний эрх ашиг сонирхлыг тэргүүн эгнээнд гаргах ё стой. Үүний тулд дотроо маш сайн хэлэлцэж долоо хэмжиж нэг огтол гэсэн зарчим баримталж судалгаа, судалгаанд суурилсан дүн шинжилгээ, шийдвэрүүдийг гаргаж байх нэн шаардлагатай болж байна. Одоо олон улсын харилцааг тэр гэхийн тэмдэггүй болж байна. Энэ үед бид дотроо л маш сайн асуудлаа шийдэж зөв шийдвэр гаргах л хэрэгтэй.
-Монгол Улсын хувьд үндсэн эрх ашиг нь гадаад бодлогын хувьд гуравдагч хөрш гэж ойлгож болох уу. Улс төр, олон улсын судлаачын хувьд та хэрхэн хардаг вэ?
-Ойлгомжтой. Хууль эрхзүйн баримт бичиг дээр үүнийгээ л баримтална. Үндсэн хуульд ардчилсан хүмүүнлэг нийгмийг бүрдүүлэхгүй, бүтээн байгуулна. Бид ардчиллаасаа ухрахгүй. Парламентын засаглалаас ухрахгүй. Хоёрт, гадаад бодлогын үзэл баримтлал гэж чухал баримт бичиг байгаа. Аюулгүй байдлын үзэл баримтлал гэж маш чухал.
Гадаад бодлогын үзэл баримтлалын 14.1-т бид бид хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцана гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, БНХАУ, ОХУ-тай тэнцвэртэй харилцана. 14.2-т бид өндөр хөгжилтэй нэр бүхий улсуудтай бодлогоо явуулж өндөр түвшинд хадгална. Тэгэхээр бид аль нэгийг нь дагах биш тэнцвэртэй гадаад бодлого барих ёстой. Хоёр хөрш болон гуравдагч хөршийн бодлогоор улсуудтай тэнцвэртэй байна. Дээр нь манай гадаад бодлогын сүүлд гарч ирж буй нэг том чиглэл, идэвхжиж буй чиглэл нь Азийн улс орнууд дотор Төв Азийн улсууд бий. Үүний дотор 80, 90 сая зах зээл хурдтай хөгжиж байна. Мэдээж Зүүн Өмнөд Азийн Вьетнам, Индонез улс байна. Асар хурдтай хөгжиж буй эдийн засаг. Энэ улсууд руу чиглэсэн гадаад бодлого явуулна. Өөрөөр хэлбэл, манай уламжлалт 30 жил гадаад бодлого Зүүн Ази руу хүчтэй байсан бол одоо Төв Ази руу чиглэж байна. Гэхдээ бид тэнцвэрээ л барина. Ер нь харж байхад дэлхий нийт савж байна. Зүүн либериал үзэл баримтлалаас баруун луу. Манайд ч бас савсан үзэгдэл харагдаж байна. Бид ингэж болохгүй. Өөрөөр хэлбэл, хэт радикал буюу Орос, Хятад биш зөвхөн гуравдагч хөрштэй харилцана, гуравдагч хөрш боломжгүй зөвхөн хоёр хөрштэй харилцана, ОХУ бол манайх зэрэг хэт туйлширсан, савласан зүйл хэзээ ч байж болохгүй. Бид маш ухаантай, циркт утсан дээр тэнцвэр барьдаг үзүүлбэр шиг л байх шаардлагатай. Аль алийг нь эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэх зарчмаар оролцоно. Олон талт дипломат ажиллагаан дээр ч оролцоно. Энэ уулзалт жижиг улсуудын хувьд маш чухал. Жижиг улс орнуудыг НҮБ ерөнхийдөө баталгааг нь эрхзүйн хувьд хамгаалж байгаа юм. Тэгэхээр хоёр хөрштэйгээ сайн харилцаатай, гуравдагч хөршийн орнуудтай бодитой буюу тэдний ашиг сонирхлыг эдийн засгийн хөрөнгө оруулалтын сонирхлыг бий болгоно, Азийн бусад улстай ч харилцаа явуулна, НҮБ олон талт хамтын ажиллагаанд ч хамтын ажиллагаа явуулна, шинээр Латин Америк, Араб Эмиратын чиглэлд гадаад бодлогоо идэвхжүүлнэ. Жижиг улсын хувьд энэ их эвгүй тодорхойгүй цаг үед идэвхтэй гадаад бодлого явуулах ёстой. Тийм ч учир сүүлийн хоёр, гурван жил анзаарч байгаа бол Ерөнхийлөгчийн ЗГ тэргүүний гадаад айлчлалууд идэвхжиж эхэллээ. Энэ нь өөрөө идэвхтэй гадаад бодпого. Тэнцвэртэйгээр гадаад бодлогоо явуулахдаа харилцан ашигтай байх ёстой. Гэхдээ бид тэнцвэртэй харилцах гэж байна гээд дуугүй байж болохгүй. Жижиг улсын хувьд тэнвцэртэй идэвхтэй харилцан ашигтай гадаад бодлогыг ойрын хугацаанд идэвхжүүлэх ёстой. Энэ нь өөрөө Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд нийцсэн бодлого байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхдээ бид нэгдмэл байх ёстой. Нэг дуу хоолойтой байх ёстой. Бодлогын судалгаа, дүн шинжилгээнд суурилсан байх ёстой. Иргэд олон нийтийн дуу хоолойг сонсоно. Гэхдээ зөв гаргаж буй бодлогын шийдвэрээ олон нийт иргэддээ тайлбарла л даа. Яагаад ураны хэлэлцээр байгуулж байгаа юм, эргээд манайд ямар ашигтай юм гэдгийг бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг дотроо ярьж шийдээд энэ жилийг, ойрын хоёр жилийг өнгөрөөх хэрэгтэй байна. Үүний дараа улс төрийн дэг журам, олон улсын харилцаан нэг тийшээ явж эхэлнэ. Тэр хүртэл бид тэнцвэртэй идэхтэй үндэсний ашиг сонирхолд нийцсэн байх ёстой. Бүх талд манай найз, дайсан гэх зарчмаар явж болохгүй тэнцвэртэй байх ёстой.
-АНУ бол дэлхийн ганц глобаль гүрэн гэгддэг. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн сонгууль нь дэлхийн бодлогод шууд нөлөөлдөг. Тэр тусмаа Доналд Трампын амлалтууд олон улсын анхаарлын төвд байна. Ялангуяа цагаачдын тал дээр хатуу бодлого баримталдаг шүү дээ. Энэ удаа ч бас цагаачдыг албадан гаргах тухай том компанит ажил өрнүүлнэ гэдээ амлаад байна. Энэ нь магадгүй хөрш орнуудад том дарам үүсгэх байх. Бас Монголд шууд биш ч нөлөө үзүүлэх үү. Бас Мексик, Канадад 25 хувийн татвар ногдуулах тухай?
- Цагаачлалын асуудал бол Доналд Трампын сонгуулийн үед л баримталж байсан бодлого шүү дээ. АНУ-ын эдийн засаг бол том эдийн засаг. Маш олон салбараас бүрдэж байдаг. Ганц уул уурхай ч юм уу. Хөдөө аж ахуйн салбарт Латин Америкийн маш олон цагаач хууль бус нэрлэгдээд байгаа тэд энэ ажлыг хийж байна. Тэдгүй бол АНУ-ын эдийн засаг бүрхэг. Калифорниа муж гэхэд оранж, лемоныг үйлдвэрлэж байна. Энд ад үзээд байгаа цагаачид л ажиллаж байгаа. Хоёрт Мексик, Канадад 25 хувийн татвар ногдуулах тухай яригдаж байна. Канадыг 51 дэх муж болгоно, Грийнландыг өөрийн газар нутаг гэж нэрлэнэ. Панамын сувгийг эргүүлж авна, Мексикийн буланг АНУ-ын булан гэж нэрлэнэ. Мэдээж энэ бүгдийн цаана ашиг сонирхолтой улс байгаа шүү дээ. Грийнландыг авна гэхэд Дани яах билээ. Энд хөндөгдөөгүй маш олон орд байгаа. Үүн дээр том тоглогч ОХУ-г шахахын тулд байж болзошгүй. Шатрын нүүдэл шиг зарим цагаачлалын асуудал эргээд Монголд яаж нөлөөлөх вэ. Монголоос АНУ-д амьдарч буй хууль ёсны болон хууль бус иргэд албан бус тоогоор 100 гаруй хмянган хүн ажиллаж амьдарч байна. Энд сөрөг үр дагавар нөлөөлөл гарахгүй байх. Бас дан ганц Доналд Трамп хэлээд бүх шийдвэр гарахгүй. Тэнд Конгресс, Сенат, байнгын хороод байгаа учраас тэр бүхэн Доналд Трампын хүссэнээр бүгд шийдэгдэх нь тийм ч боломжтой биш. Харин Мексик, Канадын хувьд сэтгэлзүйд дарамт үүсээд эхэлсэн. Үүнтэй холбоотой Канадын Ерөнхий сайд Жастин Трудо хамгийн түрүүнд хугацаанаасаа өмнө огцорлоо. АНУ-ын Доналд Трампын бодлого, байр суурь нь Канадын улс төрд хүртэл нөлөөлөөд эхэллээ. Америкийн хойд хөрш Канадад либериал нам маш олон жил Засгийн эрх барьсан Ж.Трудо 9 жил Ерөнхий сайдаар ажилласан бол сүүлийн 3 сар барууны чиглэлийн консерватив улс төрч гарч ирлээ.
Мэдээж Доналд Трампын Мексик, Канадын эсрэг тавьж буй тарифын асуудал, хууль бус цагаачлалын асуудлын цаана нэг асуудал байгаа нь Хятадын зах зээлд үйлдвэрлэгдсэн хууль бус бараа бүтээгдэхүүнийг энэ хоёр улсаар дамжуулан авч байна. Дээр нь, нарко траффик буюу хар тамхины картелууд хууль бус цагаачдын дунд орж ирээд байна. Ялангуяа Хятадад үйлдвэрлэгдсэн Хятадаас эхтэй пинтанил нэртэй хямд хар тамхины материал Мексикээр дамжин АНУ-д орж ирээд байна. Энэ нь өөрөө нийгмийн том асуудал болоод байна. АНУ-д яваад очвол томоохон хотуудад гамшгийн түвшинд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, хар тамхины картилуудыг террорист гэж зарлалаашт. Картилууд нийгмийн эсрэг маш том алан хядах ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа. Энэ үүднээс харвал Трампын хууль бус цагаачлалын бодлого зөв зүйтэй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!