МАН-ын Х.Нямбаатартай хамт Улаанбаатарын асуудлыг шийдлээ гээд Э.Бат-Үүлийн үзэл санаа ҮХЧИХГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 31 секунд

Хотын дарга асан Э.Бат-Үүл шуурхай штабын зөвлөхөөр ажиллах болсон мэдээ амралтын өдрүүдэд зарим нэгнийг "амраасангүй" бололтой. Түүнийг намаасаа урвалаа, МАН-ын өвөрт шургалаа зэргээр элдвээр л хэлж байгаа харагдана. Товчхондоо, түүнийг "шившиг" л гэцгээх аж.

Нэг л зүйлийг гайхаад байна. Намчирхаж яриад суухаараа түүнээс илүү Хотын дарга байгаагүй гэж ам уралдуулах мөртлөө утаа, түгжрэлдээ хүлэгдчихсэн Улаанбаатарын асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцоно гэхэд юундаа ингэж зэвүүцээд байгаа хэрэг вэ. Угтаа түүнийг "сайн" нь байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бол энэ удаад Ардчилсан намын Э.Бат-Үүл гэдгээр нь бус 1.6 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотыг дөрвөн жил залсан, туршлагатай хүн гэдгээр нь дэмжээд үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, намчирхал, талцлаасаа урьтаад Улаанбаатарчуудын эрх ашгийг тавиад өгөөч гэж байгаа юм.

Нөгөө талаасаа аль нэг намын нөхөр хэн нэгний зөвлөх болчхоороо шууд л нөгөө намын үзэл суртал, "хөнжил"-д орчихдог юм уу. Ардчилсан намынхан Э.Бат-Үүл гэлтгүй бусад олон олон гишүүдийнхээ үнэ цэнийг ийм явцуугаар тодорхойлчхож байгаа нь харамсалтай. Зөвлөх ч байна уу, сайд дарга ч хийнэ үү энд хамааралгүй. Сандал суудал ярьдаг нөхдүүд л ярина байх. Гэхдээ нэгдэнэ гэдэг хамтарч ажиллаад, үүрэг хариуцлагаа энэ тэнцүүхэн үүрээд явахын нэр болохоос хэн хэнийхээ "өвөр түрийнд" ороод байх асуудал биш.

Тэглээ ч Э.Бат-Үүл хийж хэрэгжүүлэх АЖИЛД НЬ зөвлөе гэснээс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хаа хамаагүй улс төрийн ажилд нь зөвлөе гэсэнгүй шүү дээ. Тэрбээр Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын зөвлөхөөр ажиллана. Энэ түүний хамгийн сайн мэдэх бас чадах чиглэл учраас л санал очсон хэрэг. Хотын даргаар ажиллаж байхдаа магтаал, шүүмжлэл тэнцүүхэн хүртэж байсан тэрбээр нийтийн тээврийн нэгдүгээр эгнээ, гэр хорооллын дахин төлөвлөлт, газар олголтыг цахимжуулах, хүүхдийн автобус гээд зоримог шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсныг та бид мэднэ. Тиймдээ ч үе үеийн Хотын дарга нар дундаас түүнд иргэд хамгийн ам сайтай байдаг.

Нөгөөтээгүүр Х.Нямбаатар ч, Э.Бат-Үүл ч энэ удаа "чаджээ". Тэд ийм шүүмжлэл ирэхийг тооцоолоогүй биш тооцоолсон л байх учиртай. Гэсэн ч 1.6 сая хүн амтай нийслэлчүүдийн эрх ашгийг өмнөө тавиад, хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх дээр нэгдэж. Харин одоо бид тэднийг муулж суухынхаа оронд хамтарч ажиллаад нэг ч болтугай ажлыг урагшлуул гээд түлхэц болоод өгөх хэрэгтэй байна.

НПГ: Дүнжингаравын осолд “Патрол“-ын жолооч буруугүй нь тогтоогдсон
НПГ: Дүнжингаравын осолд “Патрол“-ын жолооч буруугүй нь тогтоогдсон
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!