Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 31 секунд

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран “ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 27, 28-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэг, зөвлөгөөн нь тамхин бүтээгдэхүүний хэрэглээний эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг бууруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, Ажлын хэсэгт ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүд, салбарын сайд нар, холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, үндэсний болон олон улсын эрүүл мэндийн мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач зэрэг 100 гаруй төлөөлөл оролцож Монгол Улсад тамхины хяналтыг бэхжүүлэхээр зөвлөлдөж байна.

2024 оны байдлаар Монгол Улс дахь тамхины хэрэглээ 28.4 хувьд хүрсэн нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлттэй орны тоонд багтаж байна. Тодруулбал, Монгол Улсад жил бүр тамхитай холбоотой 4,300 орчим нас баралт бүртгэгдэж байна. Мөн өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ уламжлалт тамхины хэрэглээнээс давж гарсан буюу 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна.

Тус хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нээлтийн үгэндээ дээрх тоо баримтуудаас харахад “Тамхинд донтох эмгэгээс сэргийлэх, илрүүлэх, эмчлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй, Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх, хамтдаа Тамхигүй Монгол Улс бий болгохын төлөө талууд хамтран ажиллахад итгэлтэй байна” гэж онцлов. Мөн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт зарим талаар хангалтгүй байгаа. Мөн шинэ тутам үүссэн никотинтой тамхин бүтээгдэхүүн гарч эхэлсэн нь ямар нэг хуулийн зохицуулалтгүй, тусгай зөвшөөрөл, татварын зохицуулалтгүй байгаа тул энэ чиглэлд арга хэмжээ авах шаардлагатай” гэж байлаа.

Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөр тамхины татварын бодлогыг шинэчлэх, Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулагдаагүй электрон тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүнийг хуульчлах, дотоод орчны тамхины тусгай цэгүүд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд тавих хяналт, хариуцлагыг оновчтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын байгууллага болон бусад орны шилдэг туршлагаас сонсож, харилцан санал солилцсон.

Тус арга хэмжээний эхний өдөр бодлогын томоохон өөрчлөлт хийж, тамхины хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн бол хоёр дахь өдөр тамхины хяналтын үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стратегийг хэрэгжүүлэх техникийн зөвлөгөөнөөр үргэлжлэх юм.

Мөн тус арга хэмжээний үед ДЭМБ-ын Тамхины Хяналтын Суурь Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга доктор Адриана Бланко Маркизо хэлсэн үгэндээ “Монгол Улс нь ДЭМБ-ын Тамхины Хяналтын Суурь Конвенцын (WHO FCTC) гишүүн орны хувьд олон улсын шилдэг туршлагатай нийцсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хүчтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүрэг, боломжийг хослуулан ажиллах шаардлагатай байна” гэж онцолсон бол ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Сокорро Эскаланте хэлсэн үгэндээ “Бидэнд үр дүн авчрахуйц арга хэрэгсэл, мэдлэг, бодит нотолгоо бий. Одоо бидэнд хамтын хүчин чармайлт хэрэгтэй. Энэхүү санаачилга нь бидний хүүхдүүдийг хамгаалж, хойч үеийг никотины хамаарлаас ангид байлгахад тусална” гэж онцоллоо.

---000---

Б.Энхбаяр гишүүн Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг нүүрсний хулгайтай ЭВЛЭРЧ, танхимыг нь нүүрсчдэд бүрэн ЭЗЛЭГДЛЭЭ гэв
Б.Энхбаяр гишүүн Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг нүүрсний хулгайтай ЭВЛЭРЧ, танхимыг нь нүүрсчдэд бүрэн ЭЗЛЭГДЛЭЭ гэв
 
”Жүр Үр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзул: Ажил хийж байгаа хэрнээ ядуу амьдраад байгаа нь БАГА ЦАЛИН бус ТАТВАРЫН ДАРАМТТАЙ холбоотой
”Жүр Үр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзул: Ажил хийж байгаа хэрнээ ядуу амьдраад байгаа нь БАГА ЦАЛИН бус ТАТВАРЫН ДАРАМТТАЙ холбоотой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!