Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд 10:00 цагаас эхэлсэн. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдсан бөгөөд хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгч Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч оролцжээ.
Шүүхээс Н.Түвшинбаярын шүүх хурлыг ирэх сарын 12-нд товлолоо. Мөн шүүх хуралд нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай хуралдахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч оролцуулах болон хурлыг хаалттай явуулах хоёр хүсэлтийг гаргасны дагуу шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.