Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар эхний нэг жил цар тахалтай тэмцсэн цаг хугацаа байлаа. Жилийн өмнө ихэнх аж ахуйн нэгж хязгаарлалтад, улсын төсөв 23 хувиар тасарч, эдийн засаг хасах 5.3 хувьтай байсан үе. Өмнөд хөрш БНХАУ-д цар тахлын халдвар эрчимжиж, хойд хөрш ОХУ-Украин улсын хооронд хямралт нөхцөл байдал давхцсанаас үүдэн хүнс, түүхий эд, бүтээгдэхүүний татан авалт удааширч, валютын хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан олон хүндрэл тулгарч байна. Бараа бүтээгдэхүүний үнийг төр зохицуулах ёсгүй, зах зээлийн зарчмаараа явах ёстой гэсэн бодолтой байдаг. Харамсалтай нь, олон улсын нөхцөл байдал үнэ тогтворжуулахад төр оролцохоос өөр аргагүйд хүрч, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-аар батлуулж, энэ оны төсвийг тодотгохоор хэлэлцүүлж байна.
Энэ оны III, IV улиралд эдийн засаг хүнд сорилттой нүүр тулж, ирэх оны нэгдүгээр хагасаас өсөлттэй гарах прогнозыг олон улсын байгууллагууд хийжээ. Амаргүй энэ нөхцөлд хүнсний худалдааны салбарын төлөөлөл та бүхнийхээ санаа бодлыг сонсохоор уулзалт зохион байгуулж байна” гэлээ.
Уулзалтад “Апу дэйри”, “Өгөөж чихэр боов”, “Түмэн шувуут”, “Монголын махны холбоо” ТББ, “Сансар сүлжээ” дэлгүүр зэрэг компаниудын удирдлагууд оролцжээ.