Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган холбооны Ерөнхийлөгчийн сонгуулиар үргэлжиллээ. Тодруулбал, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшихээ мэдэгдээд байсан боловч Х.Баттулга нэрээ татсан юм.
Санал хураалтад 180 төлөөлөгч оролцох ёстойгоос 165 нь саналаа өгч, ирц 91.6 хувьтай байв.
Дүн гарахад 151 хүн Б.Баттүшигт, 12 хүн Э.Мөнх-Очирт санал өгч, хоёр санал хүчингүй болсон байна. Ингэснээр Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Одоо Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгчийн санал хураалт үргэлжлэн явагдана. Тус хоёр албан тушаалд есөн хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна.