Хатуу хөл хорионд олон сар сул зогсолт хийснээс болж зээл нь хэцүүдэж, түрээс нь ч хуримтлагдаж хаалгаа хаахдаа тулаад байсан "Дүдү музей" үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар болжээ. Энэ тухай музейн үүсгэн байгуулагч цахим хуудаснаа “Өнөөдрийн та бүхний оролцоо, дэмжлэг тань Дүдү музейг авч үлдэхийн зэрэгцээ гайхалтай нэгэн түүхийн эхлэлийг бүтээлцэж байна.
Дүдү музей нь 100 хувь өөрсдийн гараар, Монгол залуучууд өөрсдөө бүтээн бий болгосон төсөл юм. Энд худалдаад авч тавьсан зүйл бараг байхгүй. Музейн дотоод орчин нь хүүхдүүд тоглонгоо суралцах, гэр бүлээрээ нандин дурсамжаа бүтээхэд зориулагдсан. Энд гэр бүлээрээ хамт байх, бас бүх зүйлд гар хүрч тогло гэсэн хэдхэн дүрэм л үйлчилдэг.
Мэдээж тоглоомуудын эвдрэл гэмтэл төсөөлж байгаагаас ч их гардаг. Түүнийг нь ч бид хүлээн зөвшөөрч илүү сайжруулж бүтээхийг зорьдог. Харин өнөөдрийн үйл явдал цаашид бид илүү өндөр түвшинд, бүр илүү өндөр түвшинд хичээн ажиллах ёстойг ойлгуулж өглөө.
Аа тийм. Би бас өөрийгөө бизнесмэн биш, харин бүтээгч нэгэн, найз нөхдийн хайраар хүрээлүүлсэн хүн гэдгээ энэ өдрүүдэд илүү мэдэрч байна даа.
Баярлалаа та бүхэнд" хэмээжээ.