Өнгөрсөн 2019 оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд уг зарлигийг гаргасан хэмээн мэдээлж байсан. Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж буй шүүгчдийн нэг болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатыг огцруулах шийдвэрийг Шүүхийн сахилгын хорооноос гаргажээ.
Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын 2020 оны гуравдугаар сарын 04-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг Шүүхийн сахилгын хороо 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шилжүүлэн авч сахилгын хэрэг үүсгэн шалгаж, Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасны дагуу огцруулах шийтгэл оногдуулав" гэжээ.
С.Төмөрбат нь зургаадугаар сарын 27-нд буюу Ерөнхийлөгчийн зарлиг гарсны орой гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу орсон байдаг. Өдгөө АНУ-д амьдарч байгаа юм.
Сануулахад, С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм.