Украинд байгаа Монгол оюутнуудаа эх оронд татан аваагүй асуудалд ГХЯ ихээхэн шүүмжлэлд өртөж буй. Тодруулбал, оюутнууд нөхцөл байдал эвгүйтсэнийг мэдэж, эх орондоо очих хүсэлтээ илэрхийлж, ГХЯ-наас "Тэтгэлэгтэй суралцаж буй оюутнуудаа эх орондоо авах хүсэлтээ байна" гэх ганцхан бичгийг хүссэн ч хийж өгөөгүй хэмээн оюутнууд мэдэгдсэн юм. Тэгвэл уг асуудалд ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд дараах тайлбарыг өгч байна. Тэрбээр "Бид сар орчмын өмнөөс л нөхцөл байдал эвгүй болж болзошгүй гэдэг үүднээс Украинд байгаа оюутнуудынхаа бүх мэдээллийг цуглуулж, Элчин сайдын яамнаас холбогдож эхэлсэн. Мөн оюутнуудад нөхцөл байдал гайгүй, нислэг хэвийн байгаа дээр эх орондоо ирэх зөвлөмжийг өгч байсан.
Улмаар зөвлөмжийн дагуу Украинд сурч байсан 60 гаруй оюутнаас 40 гаруй нь эх орондоо ирсэн. Оюутнуудын зүгээс дийлэнх нь төгсөх курсийн болон хэлний бэлтгэлийнх тул хэрэв хичээлийн жилийнхээ дундуур Монгол руугаа буцвал төгсгөхгүй эсвэл ирэх жил нэгдүгээр курст оруулахгүй гэсэн шаардлагыг цаанаас нь тавьж байгаа тухай хэлж, энэ тал дээр туслалцаа үзүүлэхийг хүссэн.
Иймд бид тухайн бичгийг явуулахаар ажиллаж байтал гэнэт дайн эхэлж, энэ асуудал түр хугацаагаар зогссон.
10 орчим хоногийн өмнө цахимаар холбогдох үеэр зарим оюутан дайн яг хэзээ болох талаар асуухад нь бид “Дайн болж болзошгүй гэж үзэж байгаа болохоос яг маргааш нөгөөдөр дайн болно гэсэн тодорхой мэдээлэл байхгүй” гэдгийг хэлж байв.
Үүнийг зарим оюутан буруу ойлгосон байж болзошгүй гэж бодож байна" гэв.