Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж цар тахлын өнөөгийн нөхцөл байдал улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, үнийн өсөлт ард иргэдийн амьжиргаа хүндэрч байгаа зэрэг асуудлыг ярилцлаа. Ялангуяа инфляцын түвшин нэмэгдэж 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байна гэдгийг онцлов. Иймээс нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулах хэрэгтэй гэж Засгийн газарт чиглэл өгсөн байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг албан тушаалд сонгогдсоноос хойш үйл ажиллагаа нь ерөнхийдөө тогтуун болж олны анхаарлыг төдий л татахгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд тэрбээр тэрбум мод үндэсний хөтөлбөрийг санаачилж хөл толгойтой бүхнийг хүрз барин хээр гарахад хүргэсэн. ОХУ-д ажлын айлчлал хийж олон жил хөндөгдөөгүй эгийн голын төслийн байгаль орчны үнэлгээг эцэслэх, 1992 оноос хойш оролдоогүй худалдааны хэлэлцээрүүдийг шинэчлэх зэрэг санаачлага гаргасан. Бусдаар олны анхаарлыг татаж оволзуулсан үйл ажиллагаа төдий л явуулаагүй.
Тэгвэл энэ долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олны анхаарлыг татсан хоёр ч асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эхнийх олон нийтийг удтал бухимдуулсан үндэсний бөхтэй холбоотой асуудал байв.
Тэрбээр бөхчүүдийн ёс зүйн асуудал олон нийтийг бухимдуулж байгааг шүүмжилж баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, бөхийн цолыг хураадаг болох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Бөх хүн хамгийн өндөр ёс суртахуунтай, бусдадаа үлгэр дуурайлал болох ёстой. Гэтэл сүүлийн үед ёс суртахууны асуудал маш их гарч байна гэдгийг нэлээд хатуу шүүмжилсэн юм.
Үндэсний бөхтэй холбоотой допинг, зодоон цохион зэрэг олон түмний санаа зовоосон маш их асуудал гарсаар ирсэн ч төр засгийн ямар нэг албан тушаалтан дугараагүй. Харин энэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөхтэй холбоотой асуудлыг цэгцэлж нэлээд шийдэмгий шинэчилнэ гэдгээ мэдэгдээд авлаа. Үүний үр дүнд баяр наадмын хууль ч өөрчлөгдөж бөхтэй холбоотой асуудлыг нэлээд шинэчлэх бололтой.
Удаах нь тэрбээр Монгол Улсын Засгийн газарт зорилтод бүлгийнхий тэтгэвэр, тэтгэмжийг нэм гэсэн чиглэлийг өгсөн явдал байв. Засгийн газар Рио Тинто групптэй хэл амаа олж гүний уурхайг хөдөлгөөнд оруулсан. Үүний үр дүнд 2022 онд хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэнэ гэсэн эерэг хүлээлт бий болов. Тэгвэл үүний үр өгөөжийг тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зориулах ёстой гэж тэрбээр үзэж байгаа ажээ. Үүний мөрөөр ч тэтгэвэр тэтгэмжийг сар шинийн баярын үеэр нэмнэ гэсэн мэдээлэл байна.
Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ долоо хоногт хоёр ч удаа олны анхаарлыг татсан уулзалт зохион байгуулж мэдэгдэл хийлээ. Далайх нь цөөрсөн ч буулт нь гүнзгийрсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яагаад ингээд идэвхжээд эхлэв гэдгийг харин улс төрийн хүрээнийхэн өөрөөр тайлбарлах аж.
Түүнийг ямар үед өөрийгөө хураах, ямар үед идэвхжих, хэзээ бултах, хэзээ тэмцэхээ маш сайн мэддэг мэдрэмжтэй улс төрч гэдэг. Сүүлийн үед ийнхүү идэвхжээд эхэлсэн нь удахгүй өрнөх эрх баригчдын дан, давхар дээлний асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэх, өөрийнхөө батлуулсан үндсэн хуулийг хамгаалах давхар дээлийг дэмжихгүй байхын тулд Ерөнхийлөгчийн институтийн нөлөөг харуулахаар мессеж өгч эхэллээ гэж улс төрийн хүрээнийхэн харж байна.
Ерөнхийлөгчийн даалгавраар тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.