УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Хил дамнасан чөлөөт бүс байгуулснаар ямар давуу тал үүсэх вэ. Хил дамнасан чөлөөт бүс байгуултал манай улсын эдийн засаг ямар билээ. Нөгөө тал ямар билээ. Дундын бүс байгуулахаар хилийн зурвасын асуудал хөндөгдөх юм байна. Хил дамнасан чөлөөт бус өөр ямар улсуудад амжилттай хэрэгжсэн бэ. Хоёрдугаарт, тухайн дундын бүсэд хүчин чадал сайтай эдийн засгийн ажлуудаа түлхүү хийгээд тэр бүс дотор бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ихэнх нь нөгөө хөршийн хүмүүс болчих вий. Хэдий хугацаанд хэлэлцээр үйлчлэх вэ. Яг хэзээнээс үйл ажиллагаа нь бүрэн жигдэрч, улс орны эдийн засагт үр нөлөөгөө үзүүлэх вэ" гэж асуулаа.
Шадар сайд С.Амарсайхан "Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг хоёр улсын Засгийн газар хамтарч судална гэж анх тохирсон. Хил дамнасан чөлөөт бүс байгуулна гэснийг эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэж шинэчлэн найруулсан. Хэрэв дамнасан байдлаар зохион байгуулагдвал нэгдсэн хууль дүрмээр аль аль талдаа эрсдэлтэй байна. Тиймээс хилийн асуудал буюу хоёр талын аюулгүй байдлын асуудал үүсэхгүй.
Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулагдсанаар хоёр талдаа хоёр тусдаа чөлөөт бүсийн үйл ажиллагаа явуулна. Замын-Үүд талд 900 га газар, Эрээн талдаа 903 га газар үйл ажиллагаа явуулна. Хилийн зурваст орох, халдах асуудал байхгүй. Хилийн зурвасаас 800 метрийн зайд хоёр чөлөөт бүс үйл ажиллагаа явуулна. Чөлөөт бүсийг авто зам болон бусад нэвтрэх сувгуудаар холбоно. Манай талаас нэг сар, нэг жилийн өмнө ч гэсэн чөлөөт бүсийн үйл ажиллагааг бүрэн жигдрүүлэхийн төлөө бүх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа" гэв.