Коронавируст халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах шийдвэрийг Засгийн газар, УОК-оос гаргаад байна.
Гадаад улсаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах болсонтой холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр Нийслэлийн Онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Мэргэжлийн хяналт, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.
Тусгаарлан ажиглах байр, зочид буудлуудын иргэдийг хүлээж авах бэлтгэлийг хангуулах, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 орыг урьдчилан бэлтгэн, иргэдийг тусгаарлахад бэлэн болоод байна.
Гадаадаас ирэх иргэдийг 3 хоног тусгаарлахтай холбогдуулан "Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам"-д өөрчлөлт оруулж байна.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас, дээрхи тусгаарлах байр, зочид буудлуудад хяналт, шалгалт хийж ажлын бүрэлдэхүүн ажиллаж байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.