УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Чөлөөт бүсийн тухай хуультай уялдуулан Монгол-Хятадын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах тухай Засгийн газрын хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрийг 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын АББХ, дөрөвдүгээр сарын 9-ний өдөр ЭЗБХ-ноос Засгийн газарт гарын үсэг зурах эрхийг олгосон. Гэтэл үүнийг олгохдоо тухайн үед мөрдөгдөж байсан маш олон хуулийн заалтыг зөрчсөн байна. Бид энэ хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ УИХ мөрдөгдөж байгаа хуулийн дагуу эрхийг олгох ёстой. Эхлээд хэлэлцээрээ хийгээд, араас нь хуулийн зөрчлөө арилгах гээд яваад байна.
Чөлөөт бүсийн хуульд "Чөлөөт бүсэд газар эзэмших болон ашиглах зөвшөөрлийг олгоно" гэсэн. Хилийн тухай хуульд тусгай хэрэгцээт газар учраас газар эзэмшихийг хориглож байгаа. Энэ хуулиуд зөрчилдөж байна. Энэ хуулиар зөрчлүүдээ арилгаагүй байна. Хуулийн зөрчлүүдээ эхлээд арилгахгүй юм уу" гэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Би С.Одонтуяа гишүүнтэй санал нэг байна. Хуулийн зөрчлийн асуудлууд бий. Бид ярьж байгаад явц дунд нь засахаар болсон. Засгийн газраас орж ирсэн санал зөвхөн түүнийхээ хүрээнд л явж байна. Үүн дээр нэмж санал оруулах боломжгүй байна. Тиймээс явц дундаа засаад явна" гэлээ.