Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит сонгуулийг нэг жилээр хойшлуулах уриалга гаргасан нь олон нийт, улс төрийн хүрээний гол ярианы сэдэв болж байна. Ийнхүү уриалснаа цар тахал, хямралтай холбож, төсөв мөнгө хэмнэх, хямралын эсрэг менежментийн бодлого хэрэгжүүлэх зэргээр тайлбарлаж байгаа.
Харин өнгөрөгч даваа гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын бага хурлыг хааж хэлсэн үгэндээ “Төрийн сонгууль хуулийн хугацаандаа шударга болно гэдэгт итгэлтэй байна” гэж байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү Монгол Улсын “нэг, хоёрдугаар хүн” эрс тэс байр суурь илэрхийлэх болсны ард чухам ямар улс төрийн өрөг нуугдаж байна вэ? энэ асуулт хэн хүний сонирхолыг татах нь мэдээж.
МАН-ын хувьд сонгууль хойшлох нь ашигтай биш. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд сайн байгаа, олон судалгааны үр дүнд намын рейтинг өссөн, нэр дэвшигчид нь танигдаж бэлтгэлээ базаасан, сонгуулийн хуулийг өөрсдийн хүслээр баталсан гэх мэт олон давуу тал тэдэнд бий. Түүнчлэн “Ковид-19”-ын хөл хорио ээлжит сонгууль бүрийн өмнө сэдэрч, гудамж талбай, хурлын танхимуудыг дүүргэдэг хаврын улс төр жагсаал цуглааныг “нам дарж” өглөө. Монгол Улсын цар тахлын эсрэг хийж байгаа ажил, арга хэмжээ нь дэлхийн улс орнуудад сайшаагдаж, үлгэр жишээ болсон үүний үр дүнд Ерөнхий сайдын болон тэдний багийнхны нэр хүнд сайн байгаа зэрэг давуу талаа тэд сойлттой чигээрээ сонгуультай залгуулахыг хүсч байгаа. Хэрвээ сонгууль хойшлогдвол цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналт, таагүй үзэгдлүүд МАН-ыг шавхайтай гарааны зурхайд хөтөлж мэдэх билээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухайд ээлжит сонгуульд аль нэг нам ялах нь ашиггүй юм. Үүнийг Х.Баттулга гэж хүний хувийн эрх ашиг гэхээсээ илүү үеийн үед Ерөнхийлөгчийн инстути, УИХ, эрх баригч намуудтай зөрчилддөг зүй тогтолтой холбож тайлбарлах нь зөв. Түүх сөхвөл тэртээ 2004 оныг угтах шинэ жилээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди “айсуй он бол нэн хариуцлагатай шинэ сонголтын жил байх болно” гэж хэлээд өөрийг нь нэр дэвшүүлсэн МАН \МАХН\-ын удирдах зөвлөлөөс шаардах бичиг гардаж байв. Удалгүй суудлаа өгсний дараа Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдож Ц.Элбэгдорж, М.Энхболдын Засгийн газрын “бодийг хөдөлгөсөн” түүхтэй. Аль ч нам олонхи болоогүй үед Ерөнхийлөгч “эзэн хаан” болдгийг Н.Энхбаяр яруу тодоор нотолсон. 2008 оны сонгуульд С.Баяраар удирдуулсан МАН ялалт байгуулахад “эзэн хаан” тийм дуртай байгаагүй бөгөөд долдугаар сарын 1-ний үйл явдлаар сонгууль будлиантай явагдсныг улс төрийн намуудаар нотлуулж дахин сонгууль хийх санаархлаа цухалзуулж, улс төрийн намуудын зөвшилцөх уулзалтыг хийж байв.
Харин үүнийг нь С.Баяр эрс эсэргүүцэж “юун намуудын уулзалт вэ? төр эхлээд ажлаа хийе, онц байдал тогтоох шаардлага үүслээ” гэж үг сөрснөөр тэдний он удаан жилийн тунирхал, тэмцэл эхэлсэн түүхтэй.
2016 оныг угтаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “2016 он бол дэлхий Монголд чуулж, хариуцлагатай сонголт хийсэн жил байх болно” гэж хэлснээр намынхаа нөхдөд гэнэтийн бэлэг барьж байлаа.
Эвслийн засгийн эрлэг явсан Н.Багабанди өөрийн намынхан нь олонхи болоход хэрхэн буландуулж байлаа даа. Эдгээрийг базан дүгнэхэд аль нэг нам дангаараа ялалт байгуулаагүй буюу хамтарсан засгийн газар ажиллаж байх үед Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар хамгийн их хүчээ авч Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд гүн гүнзгий оролцдог, томилгоо хийдэг, тэр ч бүү хэл улс төрийн намуудын дотоод гал тогоонд нь хуруу дүрж, Ерөнхийлөгчтэй ойлголцож байж бүх зүйл цаашаа хөдөлдөг байдлыг бүрдүүлж байжээ. Харин С.Баярын стандарт бус Засгийн газар \хэдий хамтарсан ч УИХ-д нам нь олонхи байсан\ Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн дангаараа байгуулсан засгийн үед Ерөнхийлөгч байсан улсууд \Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж\ нар хүчээ алдсан, ялагдсан, бодлого нь гацсан байдалтай явж ирсэн байдаг.
Ц.Элбэгдорж 2017 он. "Эрдэнэт үйлдвэрийг нийгэмчлэх нь буруу" гэж УИХ-ын чуулганд байр сууриа илэрхийлэв. Харин гишүүд эсэргүүцэж Ц.Нямдорж "Чиний хулгайг илрүүлсэнд дургүй байна уу" гэж орилов. Ердөө нэгхэн жилийн өмнө тэр хаан байсан харин МАН-ын 65 гишүүнтай парламентад шатрын хүү мэт тавлуулна.
Яг ийм зүй тогтол, эрх ашгийн үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн инстути нэг нам дангаараа ялалт байгуулах боломжийг аль болох саатуулахын тулд ийм санаачилга гаргаж байгаа нь бодит өрөг юм. Тахлын үйл явдлыг сунжруулж алдаа хий орох хугацаа гаргах, эдийн засгийн хямрал, нийгмийн бухимдлаар хоёрдугаар хүнийхээ тамирыг жаахан шавхах, нөгөө талдаа таг бариулсан гудамжний намуудаар жаахан борлуулж шархлуулах хүсэл сонирхол Ерөнхийлөгчид байх шиг байна. Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нар хөтлөлцөөд гараад ирсэн шүү дээ. Тэдний этюдийг жаахан явуулмаар байдаг. АН-ын дотоод зодоонд түлхүү оролцож өөрийн асар басруудаа байршуулмаар байдаг. Эцсийн эцэстээ МАН ч биш АН ч биш, Зандан ч биш тархай бутархай парламент байгуулагдах нь л Ерөнхийлөгчид ашигтай.
Редакцын нийтлэл: Улаанбаатар Ньюс, 2020 он