Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 32 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улмаар гишүүдийн 62.2 хувь нь дэмжсэн тул тус хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүллээ.

Хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Монгол банк 2020 оны аравдугаар сараас хойш орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-6 хувь болгож бууруулсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 9276 өрхөд 679.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Энэ бол түүхэндээ нэг жилд гарч буй хамгийн өндөр зээл юм. Гэтэл нөгөө талдаа үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт 2021 оны есдүгээр сарын байдлаар метр квадрат тутамдаа 15.8 хувиар өссөн.

Энэ дүнг олон улстай харьцуулж харах юм бол дэлхийн дундаж өсөлт нь 6 хувь хүрэхгүй байна. Тиймээс орон сууцны үнэ 15.8 хувиар өсөж байхад ипотекийн зээлийн хүүг бууруулах ямар ч үр дүнгүй байна.

Монголбанкнаас өгсөн материалд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгосон нь зээлдэгчийн сарын төлбөр 20 хувиар багассан гэж бичсэн байна. Энэ ямар тооцоо судлагааны үндсэн дээр гаргасан тооцоолол гэдгийг ойлгохгүй байна. Монгол банкны бодлогын тохируулга гэж огт алга. Оны сүүлээр ипотекийн зээлээ татна гэсэн нь ниргэсэн хойно нь хаширах гэдэг нь болж байна”

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "ББСБ-тай нөхдүүд Монголбанк, СЗХ-нд их байна гэж шүүмжилсэн. Жишээ нь, Монголбанкны 20 гаруй мэргэжилтэн, дарга нар ББСБ-тай байсан гэж нэр нь дурьдагдаад сонирхлын зөрчлийн хуулиар яригдсан. Энэ асуудалд шийдэгдсэн үү. Та бүхний дунд ломбард, ББСБ ажиллуулж байгаа хүн байна уу. Энэ асуудлаа шийдвэрлэсэн үү. Мөн койны асуудалд иргэд бодит хохирол амсаад эхэллээ. Үүнийг хэрхэх вэ. Зохицуулалтгүй байгаа нь төрийн буруу болох вий. Одоо цагт эрсдлийг иргэд үүрч байна"

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "ББСБ-д гэр бүлийнх нь гишүүд байдаг нэлээн хэдэн ажилтан байсан. Эдгээр хүмүүстэй уулзаад асуудлыг нь шийдсэн. Одоо Монголбанкинд шийдвэр гаргах, захирлын түвшний биш хоёр ажилтны гэр бүлийнх нь хүмүүс ББСБ-тэй гэж ХОМ-доо мэдүүлсэн байна лээ. Тухайн ажилтнуудтай уулзсан. Гэхдээ гэр бүлийнх нь хүмүүс биш. Бас эдгээр хоёр ажилтан нь шийдвэр гаргах түвшний, нөлөөлөх хүмүүс биш. Мөн АТГ мэдээллээ солилцоод сонирхлын зөрчилтэй асуудалд нь оролцуулахгүй зохицуулалт хийсэн"

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Хуулиараа хориотой учир манай ажилчид ББСБ-д хувь эзэмшдэггүй"

УИХ-ын гишүүн Н.Учрал "Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн үед ч ард түмний амьдрал дээр хөргөгч доторх хүнс нэмэгдэж байгаа үгүй нь мэдэгддэггүй. Өөрөөр хэлбэл макро эдийн засгийн өсөлт микро түвшинд очдоггүй. Технологийн агуулга шингэсэн бүтээгдэхүүнийг манай улс үйлдвэрлэхгүй байна. Аливаа зүйлийг хэт үгүйсгэж болохгүй.

Моод Монголоор дуусахаа больсон байна. Залуус виртуал ертөнцийг бүтээж байна. Гэтэл бид үүнийг шууд хориглож, технологийн асуудалд дутуугийн комплексээр хандаж болохгүй. Моод Монголоор дуусдаг гэдэг үг УИХ-д болон төрийн байгууллагад л хэрэгжиж байна. NFT гаргаад, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээний олон биржүүдийг гаргаж байгаа боломжуудыг шууд хааж болохгүй. Хэрэв шууд хаавал 700 мянган хүний эрх ашиг яригдана. Хоёрт цаашдаа гадагшаа валютын урсгал явна. УИХ-ын 76 гишүүнтэй, гишүүнгүй койны зах зээлийн галт тэрэг хөдөлчихсөн. Дэлхийн аль ч бирж дээр очоод арилжаагаа хийгээд явж чадна. Үүнд зохицуулалт л хийх хэрэгтэй байна" гэв.

"Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бид хариуцлага хүлээхгүй гэж хэлж байгаа нь хангалтгүй байна. Койны асуудал хэрээс хэтэрч байна гэж олон хүн ярьж байна. Цалингаа урьдчилж аваад койн худалдаж аваад байна. Бараа материалынхаа мөнгөө койн болгож гээд бөөнөөрөө хоосрох аюул байна. Тэгэхээр УИХ төрийн мөнгөний бодлого хэлэлцэж байгаа энэ үеэр анхааралдаа авахгүй бол болохгүй нь. Виртуал хөрөнгийн тухай хуульд энэ асуудлыг оруулж байгаа учир хууль батлагдвал шинэ койн, шинэ бирж гаргахыг хязгаарламаар байна" гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ автозамын түгжрэлийг бууруулах 4 чиглэл өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ автозамын түгжрэлийг бууруулах 4 чиглэл өглөө
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.