“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахалж буй. Уг ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн удирлагуудтай өргөтгөсөн хурал хийв. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ажлаа хийхгүй байгаа дүүргийн орлогч, иргэдийн хурлын төлөөлөгч нарыг ажилтай болгож, түлшний ажилд татаж оролцуул хэмээн үүрэгдэв. Мөн бүх талаас хяналт тавих хэрэгтэйг ч хатуухан санууллаа.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Түлшний асуудлаар ажлын хэсэг байгуул. Ажлын хэсэгт дүүргийн орлогч, иргэдийн хурлын төлөөлөгч нарыг татан оролцуул. Сонгууль болохоор хурлын төлөөлөгч гээд гараад ирдэг. Дуусахаар нь чимээгүй хаяад явдаг байж болохгүй. Ард иргэд чинь хөлдөх гээд байна. Ажлын хэсгийг дүүргийн Засаг дарга нар ахална. Цэгүүдээ ажлын хэсгийн гишүүддээ хувааж өг. Ингээд өглөө, орой буюу өдөрт 2 удаа шалга. Энэ жил маш хариуцлагагүй байна. Наймдугаар сард бүх зүйлээ бэлэн болгоод хүйтрэхэд бэлэн байх ёстой. Монгол хүнийг дааруулахгүй, ая тухтай амьдруулах ганц л асуудал байна шдээ" хэмээлээ.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Түлш борлуулах цэгүүдийн сонгон шалгаруулалтыг нэг өдрийн дотор хийж маргаашаас нь шууд гэрээ байгуулж шуурхай ажиллаж байгаа. Түлш борлуулах цэг ажиллуулж байгаа иргэдэд нийслэлээс урамшууллыг саадгүй өгч байгаа" гэв.
Өвлийн оргил ачааллын үед 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцож дээрх асуудалтай холбоотойгоор дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн Ажлын хэсгийг нийслэлд байгуулж, өдөр тутам мэдээ мэдээллээ нэгтгэн, үүсэж буй асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллахаар болов. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 71.4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нь оргил ачааллын үед хагас сар, энгийн үед нэг сарын хэрэглээ юм. Нэг шуудай сайжруулсан шахмал түлш өнгөрсөн онд 3750 төгрөгөөр зарагдаж байсан бол Засгийн газраас шийдвэр гарч үнийг 75 хувь бууруулснаар нэг шуудай түлш 1875 төгрөгөөр иргэдийн гарч хүрч байна. Гэр хорооллын иргэдэд түлшийг тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс “сайн карт”-ны хяналтыг сайжруулахаар болжээ. Сайн картаар нэг өрх 7 хоногт 6 шуудай нүүрс авах эрхтэй юм. Энэ нь өвлийн хүйтэн саруудад айл өрхүүдийн хэрэглээнд хүрэлцэхүйц хязгаар юм байна.