Афганистаний засгийг эзлээд буй Талибанууд гэмт хэрэгтнүүдийг олны өмнө цаазлах, гар хөлийг нь тайрах ялыг сэргээх болсноо мэдэгдлээ.
Тухайлбал, Талибан хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг, Исламын хуулийг хатуу дагагч гэгддэг Мулла Нооруддин Тураби Афганистанд нийтийн өмнө цаазаар авах, гар тайрах шийтгэлийг сэргээхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.
Талибануудын засаглалын үед буюу 1996-2001 оны хооронд цаазын ялыг хохирогчийн гэр бүлийн хэн нэг нь гэмт хэрэгтний толгойд буу тулган буудах аргаар гүйцэтгэдэг байжээ. Мөн хулгай хийсэн этгээдийн гарыг олны нүдэн дээр тайрдаг байв. Харин дээрэм хийсэн бол гар, хөлийг нь хамт тайрдаг байсан аж.
Мулла Нооруддин Тураби “Бид бусад орны хууль, ялын талаар огт ярьдаггүй байхад бусад улсууд цэнгэлдэх хүрээлэнд ял гүйцэтгэдэг манай аргыг шүүмжилдэг байсан. Хэн ч бидэнд энэ талаар заах ёсгүй. Бид зөвхөн Исламыг дагаж, Коранд бичигдсэний дагуу хуулиа хэрэгжүүлнэ” гэжээ.
Тураби нь Талибаны өмнөх засаглалын үед хууль зүйн сайдаар ажиллаж байсан бөгөөд шашны бодлого тодорхойлогч гол хүн байсан юм. Тухайн үед ял шийтгэлийг Кабулын цэнгэлдэх хүрээлэн болон Эйд Гах сүмийн гадна олон зуун афган эрчүүдийн нүдэн дээр гүйцэтгэдэг байв.
20 гаруй жилийн өмнө ялыг оноохдоо шүүх хурал хийдэггүй, Исламын шашны номлогчдын шийдвэр голлодог байжээ. Харин энэ удаа эмэгтэйчүүд оролцсон шүүгчдийн бүрэлдэхүүн ял оноож байхаар болсныг Тураби ярьсан байна.
“Аюулгүй байдалд гар тайрах шийтгэл маш чухал. Ингэснээр гэмт хэргийн гаралт эрс буурдаг” гэж хэлсэн Тураби ял гүйцэтгэлийг олны нүдэн дээр хэрэгжүүлэх эсэхийг Талибаны засгийн газар ярилцаж байгааг дуулгажээ.
Засгийн эрхэнд гарснаасаа хойш Талибанчууд жижиг хэмжээний хулгай хийсэн этгээдүүдийг гудамжаар явуулж, хүмүүст жигшүүлэх шийтгэлийг хэд хэдэн удаа хэрэглэсэн байна.
“Бид өмнөхөөсөө өөрчлөгдсөн” гэж ярьсан Тураби Талибаны дэглэмд телевиз, гар утас, фото, видео камерыг зөвшөөрөх болсныг мэдэгджээ.