УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт УИХ-д суудалтай МАН-аас Э.Батшугар, АН-аас Э.Бат-Үүл, "Зөв хүн электорат эвсэл"-ээс Б.Найдалаа нар нэр дэвшиж байна. Намуудаас болон хувиараа нэр дэвшигчид өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 18-нд үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлсэн. Нэр дэвшигчид 28 дугаар тойргийн нутаг дэвсгэрт болон цахим орчинд сурталчилгаа хийж буй.
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр тодруулбал, Саппорогийн уулзвараас 21 дүгээр хорооллын уулзвар хүртэл зам дагуу автобусны буудал болон бусад олон хүн цугладаг байршлуудад АН-аас нэр дэвшиж буй Э.Бат-Үүлийн сурталчилгааны самбар, зурагт хуудас зэрэг огт байхгүй нь анхаарал татлаа.
Нөгөө талаар цаасан сурталчилгаанаас татгалзаж цахим сурталчилгаанд анхаарлаа хандуулах болсон өнөө үед нэр дэвшигч Э.Бат-Үүлийн Facebook болон Twitter хаягуудын аль алинд энэ удаагийн нөхөн сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэг ч мэдээлэл байсангүй.
Харин МАН-аас нэр дэвшиж буй Э.Батшугар өөрийн албан ёсны цахим хаягтаа хамгийн сүүлд сонгуулийн сурталчилгааны нээлтийн дүрс бичлэгээ байршүүлж, бичлэгт өөрийн мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулсан бол Зөв хүн электорат эвслээс нэр дэвшиж буй Б.Найдалаа өөрийн албан ёсны цахим хаягтаа мөрийн хөтөлбөр болон бусад агуулгаас бүрдсэн сурталчилгааны сэтгүүлээ цахим хэлбэрээр байршуулжээ.
Энэ удаагийн нөхөн сонгуулийн хувьд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс бусдаар чимээ багатай өдийг хүрч байна. Ирэх сард болох нөхөн сонгуулийг урьд өмнөх нөхөн сонгуулиудтай харьцуулахад дуулиан, шуугиан багатайн дээр сонгуулийн сурталчилгаа хийх арга барилаараа онцлог байна. Тухайлбал, АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүлийн сонгуулийн сурталчилгаа цахимд ч, цаасанд ч үзэгдэх харагдах зүйлгүй байгаа бол Үнэн ба зөв намаас нэр дэвшигч А.Отгонбаатар намын штабаа Сонгинохайрхан дүүргийнхээ нутаг дэвсгэрт бус Сүхбаатарын талбайд байрлуулсан байна.
Мөн нэгэн онцлог тал нь өнгөрсөн зун болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн жишгээр нэр дэвшигчид нэгнийгээ харлуулах, хар PR ажилд төдийлөн анхааралгүй өөрсдийн сурталчилгаагаа өөр өөрийн арга замаар "цэврээр" хийж байгаа нь сайшаалтай хэрэг.
Засгийн газраас хариуцлага нэхэн жагсаал хийхээ мэдэгдээд буй сөрөг хүчнийхэнд дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн засаг даргын албыг хашсан "туршлагатай" улс төрч Э.Бат-Үүлийн орон зай их. Гэтэл энэ мэт дүлий дүмбэ оргисоор сонгуулийн сурталчилгааны өдөр хоногийг өнгөрөөж буй нь ямархан далд санаа тээж байгаа нь хачирхалтай.
Б.Амарбаясгалан