УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авсан. Хоёр тойрогт зэрэг явагдах нөхөн сонгуулийн санал хураалтын өдөр ирэх сарын 10-ны өдөр болно.
Тэгвэл нөхөн сонгуульд нэр дэвшиж буй зарим сонирхолтой эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэндээ хүргэж байна. Хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигчдйин хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд АТГ-аас олон нийтэд нээлттэй зарласан билээ.
162 сая төгрөгийн хадгаламж, 17 компанид хувь эзэмшдэг Энхбаярын Батшугар
Сонгинохайрхан дүүрэгт нийт арван эрхэм нэр дэвшиж байна. Тэдгээрээс олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж буй эрхмүүд нэг нь МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар. Өмнө нь тэрбээр хоёр ч удаа энэ тойрогт хүч үзсэн боловч төдийлөн амжилт олоогүй. Энэ удаад намаа сольж, Ардын намын нэр дээрээс сонгуульдаж байна. Э.Батшугарын хувьд хадгаламж, гэр бүлийн орлого, 2 тэрбумын зээл зэрэг нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна.
900 саяын хөрөнгөтэй намын дарга А.Отгонбаатар
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах жагсаалын үүд хаалгыг нээсэн эрхэм бол Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар. Гэр хороололд амьдардаг, гэр хорооллоос амьдралаа эхлүүлсэн хэмээн ярьсаар улс төрд гарч ирж байсан цаг саяхан. Ингээд 900 саяар тоологдох хөрөнгөтэй намын даргын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцах боломжийг та бүхэнд өөрсдөд чинь үлдээе.
Э.Бат-Үүл баатар жилийн 1.2 сая төгрөгийн орлоготой
Ардчиллын анхны "алтан хараацай"-нуудын нэг гэгддэг Э.Бат-Үүл баатар 10 саяын өв залгамжилж авсан хөрөнгөөс өөр А.Отгонбаатар шиг олны амыг ангайлгасангүй. Товчхондоо бол жилийн 1.2 сая төгрөгийн орлоготой бөгөөд 20 саяын зээлтэй гэх хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-т өгчээ.
266 саяын үнэт эдлэлтэй Хэнтийн Засаг дарга Ц.Идэрбат
Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвшиж буй эрхэм бол Ц.Идэрхүү. МАН-аас квот өвөртөлж УИХ-д үзэх гэж буй тэр 266 саяын үнэт эдлэлтэй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ.
Бие даагч М.Чингисхаан 33 сая төгрөгөөр үнэлэгдэх МОНГОЛ ГЭРТЭЙ
Эзэн Чингис хааны нутагт болж буй нөхөн сонгуульд энэ цагийн "хаан" М.Чингисхаан нэр дэвшихгүй бол алдах болох биз. М.Чингис хаан маань тус бүр 33 сая төгрөгөөр үнэлэгдэх гэр болон хурдан удмын адуугаараа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "гангарчээ".
Орон сууцгүй ч, 1 тэрбумын авлагатай Б.Гарамгайбаатар нэр дэвшигч
Өмнө нь Хэнтий нутгаасаа сонгогдож УИХ-ын гишүүнээр 4 жил ажиллаж байсан эрхэм бол Б.Гарамгайбаатар. Түүнийг хөрөнгө орлогын мэдүүлэг туйлын даруухан бөгөөд орон сууцгүй, нэг тэрбум төгрөгийн авлагатай гэхээс өөр сонирхолтой зүйл бараг л тусгагдаагүй байна.
Л.Баяр