Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр “Фантастик” продакшны уран бүтээлчдийг хүлээн авч уулзсан байна.
Монгол Улсын Засгийн газар урлаг соёлоор дамжуулан гадаад сурталчилгааг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарал хандуулж байгаа. Тиймээс энэ салбарыг бодлогоор дэмжиж, хууль эрхзүйн орчныг бий болгоод, Соёлын яам байгуулаад ажиллаж байгаа. Мөн анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан явдал бол киноны урлагт ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлов.
Монголынхоо түүх, өв соёл, ёс заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, үүгээр дамжуулж дэлхийд улс орноо сурталчлан таниулах нь ихээхэн ач холбогдолтой. Энэ зорилгоор түүхэн уран бүтээл туурвиж байгаа залууст талархал илэрхийлж, энэ чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр залуусыг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц уран бүтээл гаргах, урлаг соёл, уран бүтээлээ экспортлох, Netflix суваг болон Холливүүдийн продюсеруудтай ажиллах зэргээр олон улсын зах зээлд гарч ажиллах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэлээ.