Ливан Улсын хойд хэсэгт орших Аккар мужид шатахууны сав дэлбэрч, 20 гаруй хүн амиа алдан, 79 хүн шархаджээ. Дэлбэрэлт үүссэний улмаас олон хүний амь эрсдэж, шархадсанаас гадна тус улсад шатахууны хомсдол үүсэж, цахилгаан тасарсан байна.
Цэргийн болон аюулгүй байдлын эх сурвалжийн мэдээлснээр Ливаны арми Аккар мужийн Альталил хотын оршин суугчдад бензин тарааж байсан ба энэ үеэр дэлбэрэлт болсон гэж CNN мэдээлжээ.
Том хэмжээний шатахууны агуулах дэлбэрэх үед ойролцоогоор 200 орчим хүн байсан талаар гэрчүүд мэдээлэв.
Одоогийн байдлаар дэлбэрэлтийн шалтгааныг нарийвчлан тодорхойлоогүй хэдий ч аюулгүй байдлын эх сурвалж хэлэхдээ, "Хүмүүс маш ихээр цугларч, зарим хүмүүсийн хооронд маргаан гарсан ба гэнэт буун дуу гарч, дэлбэрсэн" гэжээ. Харин орон нутгийн Аль-Жадид телевизийн сувгийн мэдээлж буйгаар асаагуур барьсан хүн дэлбэрэлтийн шалтгаан болсон гэж зарим гэрчүүд хэлсэн байна.