Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадамжунай хэмээх үзэгдэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 7 секунд

​​​​​​

Т.Бадамжунай ирсэн гэнэ, ирэх гэнэ. Т.Бадамжунай ирж байж л МАН хөдөлгөөнд орно АН ч цэгцэрнэ гэсэн мэдээлэл сүүлийн үед яригдаж бичигдэх нь ихэслээ. Албан ёсоор Монгол Улсын иргэн албан бусаар хотын фракцийн гол найруулагч, авлигын загалмайлсан эцэг гэгддэг үе нь өнгөрсөн өвгөн ирэх, буцах нь яагаад ингэж чухлаар яригдах болов гэдэг нь учиртай.

Улс төрд хотын менежер гэдгээр анх танигдсан Т.Бадамжунай олон нийтэд тийм ч сайн нэртэй биш. Гэхдээ МАН дотор түүний хүрээлэл, нөлөө өнөөг хүртэл амь бөхтэй байсаар байна. Жирийн нэг ажилтнаас эхлээд УИХ-ын гишүүн, сайд дарга хүртэл түүний хэлсэн үгийг өврийн дэвтрээ гаргаж тэмдэглэх нь холгүй хөл алддаг гэх.

У.Хүрэлсүх далаад оны хэдээ жийж наяад оныхныг крандаж төрийн өндөрлөгт хүргэснээр МАН дотор үе хоорондын зөрчил хурцдах нь тодорхой болсон. Гомдолтой, ууртай далаад оныхоны жинхэнэ их багш, зүгээ заалгаж, заслаа хийлгэдэг хамба лам нь луу данст Т.Бадамжунай. Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэнгээс эхлээд түүгээр менторлуулсан УИХ-ын гишүүдийн цуваа уртаас урт хөвөрнө.

Т.Бадамжунайтай Улаанбаатарын газар олголт, утаа түгжрэлийн асуудал байнга холбогддог. Гэвч түүнийг тийм ч муу менежер байгаагүй гэж хамт ажиллагсад нь үздэг юм билээ. Түүний үед хотын дэд бүтэц 3-4 дахин тэлсэн, 500 мянган хүн амд зориулагдсан хотын ерөнхий төлөвлөлт шинэчлэгдсэн нь одоо ч хэрэгжээд явж байгаа гэх юм билээ. Жу дарга авлигадаа, ажилдаа ч сайн гэх хэлц чухам энэ үеэс эхтэй гэдэг.

2002 онд Монгол Улсад ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон улс орнуудын бага хурал болж байлаа. Улсын сан хоосорсон тэр үед нийслэл ачааны хүндийг үүрч, мөнгө босгон тухайн үедээ л байгаагүй Сүхбаатарын талбайг гантигдах зэрэг ажлыг нь нугалж өгсөн гэдэг. Энэ үеэс М.Энхболд Н.Энхбаяртай ганзага нийлж эхэлсэн бөгөөд түрүүвч зуузайг нь холбосон гол найруулагч нь мөн л Т.Бадамжунай гэдэг. Улмаар Н.Энхбаяр 2005 онд Ерөнхийлөгч болж М.Энхболдыг залгамжлагчаар тодруулахад ард, урд талын бүх ажлыг нь тэр л базаж байсан гэдэг. Эргээд Н.Энхбаяраас салж намдаа урт хугацааны ноёрхлоо тогтоох сценарийг мөн л Т.Бадамжунай зохиосон гэх.

Тэр ямар үед хэнтэй нийлэх, хэнийг буланд шахахаа маш гаргуун мэдэрдэг. Хаана ямар эрх ашиг байна? Түүнийг яаж холбож ашиглах, дундаас нь яаж хожоо олох зэргийг түүн шиг бодож гаргадаг найруулагч тэдэн дундаа л байгаагүй гэх.

М.Энхболдын Засгийн газар унасны дараа С.Баярын Засгийн газарт хотын фракцаа орогнуулах тохироог хийсэн диллер нь мөн л тэр. С.Баяр "Атар-3" аяныг эхлүүлэхдээ “энэ ажлыг богино хугацаанд босгож чадах ганцхан менежер байгаа гээд” Т.Бадамжунайг ХАА-н сайдаар томилж байв. Нээрээ л Т.Бадамжунайг сайд хийж байхад "Атар-3" аян амжилттай хэрэгжиж импортын гурилаас хараат байсан Монгол Улс 2 жилийн дотор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болсон нь үнэн.

2012 онд МАН ялагдсаны дараа М.Энхболдыг эргэн тайзанд гаргаж, Ж.Мөнхбатыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулсан зохиолын эзэн мөнөөх л Т.Бадамжунай. Энэ үйл явдлын талаар тухайн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөж ялагдсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нэгэнтээ “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн. Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас, доромжлол амссаар байх болно” гэж жиргэж байлаа. Ингэж жиргэснийхээ төлөө Ж.Сүхбаатар МАН-д хорогдох булангүй болтолоо шахуулж МАХН-д элсэж явсан түүх ч саяхных.

2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч Ч.Сайханбилэг МАН-тай нэг зуны хурим хийсэн. Энэ танхимд багтсан 6 сайд түүгээр визээ даруулж байсан гэдэг юм билээ. 2016 онд МАН ялалт байгуулж М.Энхболд УИХ-ын дарга болсноор Ерөнхий сайдын марафонд Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, С.Бямбацогт гурав уралдсан түүхтэй. Хаана хүрч түрүүлэхээ мэдэхгүй болсон үеийн гурван залуу Т.Бадамжунай дээр очиж хайнаагаа хагалуулснаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилуулж үлдсэн хоёр нь гар бариад гарсан гэж ойрын хүрээнийхэн нь ярьдаг. Улмаар МАН-ын боловсон хүчнийг томилгоонд хамгийн гүн гүнзгий оролцсон. Энэ тухай Ц.Нямдорж “Бид энд намын бага хурал, мурал хийж бөөн юм яриад байдаг. Гэтэл хажуугийн буудалд Т.Бадамжунай гэдэг хүн бүхнийг зуураад, томилгоо хийгээд байна” гэж ярьсан гэдэг. Түүний уургийн үзүүр ямар урт болохыг энэ мэт явдлууд тайлбаргүй нотолдог.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд ялагдсанаар МАН-д ч, Монголын улс төрд ч салхи эргэж Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хоршил хүчийг авсан үед Т.Бадамжунай Монголыг орхиж Замын-Үүдийн хилээр УАЗ 469 машинаар гарч одсон байдаг.

Товчхондоо Т.Бадамжунай бол МАН-ын сүүдрийн удирдагчдын нэг гарцаагүй мөн. Зөвхөн МАН гэлтгүй АН-д сунгасан гар нь хүрдэг учраас “Т.Бадамжунай ирж байж л муудсан, талцсан хэдийг ойлголцуулна даа” гэж АН-ныхан хүртэл ярьж явна. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, З.Энхболдоос эхлээд экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай хүртэл эрх ашгаараа холбогдож, гагнасан гинж болон явсан намтар мөн л Т.Бадамжунайгийнх.

Чухам ийм учраас л түүний ирэх, явах тухай яриа улс төрийн хүрээлэлд сонирхолтой хэвээрээ байгаа юм. Гэхдээ энд хэд хэдэн асуулт бий. Нэгдүгээрт түүнгүйгээр Монголын Улс төр 5 жил өрнөж нөхцөл байдал огт өөр болсон. Тэгэхээр түүн дээр хэн очих, эсвэл тэр хэн дээр очиж юу найруулах, найрууллаа гэхэд урьдын адил уурга нь хол сунах эсэх нь сонирхолтой.

Гаднаасаа, дотроосоо жоотуугаар цохиулаад эхэлсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувь заяаг хэрхэх талаар МАН-ынхан дотроо ярилцаад эхэлсэн. Цуцлагдсан 100 жилийн наадмын өдрүүдэд МАН-ынхан хэсэг бүлгээрээ энд тэнд нууц уулзалтууд хийсэн. Баян-Өлгийн, Архангайн, Дорнодын, Сэлэнгийн уулзалтын албан бус протокол саарал ордны тамхины цэг дээр задраад эхэлсэн. Үүнээс нь улбаалаад МАН-ын дотоод зодоон хэзээ мөдгүй эхлэхэд ойрхон болоод байгаа. У.Барсболд андыгаа дурссан уянгын халилтай М.Энхболдын пост ч учир нигуртай гэх. Үзэгдлээ хүлээсэн МАН-ынханы намрын жүжиг ч үзүүштэй, амттай байх нь улам бүр ойлгомжтой болсоор...

Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.