Ардчилсан намаас авлигатай тэмцэх комисс байгуулах болон бусад асуудлаар Ерөнхий сайдад хандан мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол Улсын Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор Ардчилсан нам байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд боомт дээр очоод мэргэжлийн хяналтын байцаагчтай юм ярихын оронд Хятад улсад айлчлал хийж хил гааль дээр үүсээд байгаа импорт, экспортын гацааг арилгах хэрэгтэй. Монгол Улсын гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг Монголд авч ирэх хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарыг чөлөөлөх эрх нь Ерөнхий сайд танд байгаа.
Хоёрдугаарт, Авлигатай тэмцэх газар ажлаа хийж чадахгүй байгаа бол энэ газраа татан буулга. Түүний дараа авлигатай тэмцэх комиссоо байгуул. Зэрэгцээ өөр байгууллагууд байж таарахгүй. Ерөнхий сайд "Монгол Улс авлигын индексээр 111 дүгээрт явж байна, үүнийг хоёр оронтой тоонд оруулна" гэж хэлсэн. Ардчилсан нам засаглаж байх хугацаанд Монгол Улс 72 дугаар байрт орох хүртэл амжилт гаргаж байсан. Гэтэл сүүлийн зургаан жилд Монголд авлига замаа алдсанаас болж хяналтаа алдсан байна" гэв.