Өнөөдөр М.Тулгат тэргүүнтэй Ардчилсан намын гишүүд талбайд өлсгөлөн зарлаж буй гишүүд дээр очих үедээ иргэдийн уур бухимдалтай нүүр тулсан юм. Харин үдээс хойш С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болсонтой холбогдуулан мэдээлэл хийх үеэр АН-ын дарга М.Тулгат үг хэллээ.
Тэрбээр, "Сүүлийн үед АН-ын хууль ёсны процесс буюу намын дарга томилох, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зэрэг заалт тодорхой байгаа. Үүнийг ард иргэдэд ойлгомжгүй болгох, төөрөгдүүлэх үйл ажиллагаанууд зохиогдсон байна. Бидний зүгээс хүлээцтэй байсан. Монгол оронд хууль үйлчилж байгаад итгэдэг. Гэтэл сүүлийн өдрүүдэд хэдхэн хүний эрх мэдэлд хүрэх гэсэн хүмүүсийн атгаг санаа 200 мянган хүнтэй АН-ыг сүйтгэх гэж оролдож байна. Энэ нь Ардчилсан намыг устгах үйл ажиллагаа. Өнөөдөр баруун төвийн үзэл баримтлалтай АН дотор хэт зүүний, нацист үзэл баримтлалтай баахан хүмүүсийн хэдхэн өдрийн дотор нэр дэвшүүллээ. Ардчилсан үзэлтэй хүмүүс бол хүний үзэл бодлыг хүндэтгэдэг. Ардчиллыг хамгаалах цаг ирсэн байна” гэв.