Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
"Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан юу болсон бэ? Тодорхой хариулт өгөөч. Ямар хурал болоод шийдвэр нь гараад хуулийн дагуу, хуулийн дагуу биш шийдвэр нь гардаг юм бэ? Хууль тогтоогчид Цэц эсвэл нэг нам болчихсон юм уу? Хуульд тийм зүйл оруулаагүй гэсэн зүйлийг яриад байгааг ойлгохгүй байна. Сүүлийн үед хаалт нээгээд, хаагаад гэдэг үг яригддаг болсон.
Үндсэн хуульд зургаан жилээр зөвхөн нэг удаа гэсэн заалт бий. Тэгэхээр МАН-ынхан зөвхөн нэг удаа гэдгийг нь салгаж яриад байх юм. Ямар нэгэн хаалт, таслал байхгүй. Зургаан жилээр гэдэг үг нь урдаа, зөвхөн нэг удаа гээд тодорхой заачихсан байгаа. Цагаан дээр хараар бичсэн. Үүнийг юу гэж ойлгож байгаа гэж бодож байгааг асууя. Монгол Улсад зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байхгүй гэж бодож байна " гэдгийг тодруулав.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:
"Цэц бага болон дунд суудлын хуралдаанаа хийгээд дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу Цэцийн дүгнэлтийг УИХ авч хэлэлцсэн.
Цэцийн хурал зөв болсон эсэхэд УИХ хөндлөнгөөс оролцож дүгнэлт гаргах эрх байхгүй. Өөрт оногдсон эрхээрээ дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргасан. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд өнөөдрийн асуудал яригдаж байна" гэлээ.