МАН, МАХН-тай нэгдэхээр идэвхтэй яриа хэлэлцээ хийж байгаа талаар сүүлийн үед яригдах болсон. МАХН өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлж МАН-д маш том аюул учруулсан. Хэдийгээр С.Ганбаатараас болж М.Энхболд сонгуульд ялагдсан гэж дүгнэхэд явцуу ч тоохгүй орхиж болохгүй гэдгийг МАН-ынхан яс махандаа шингэтэл ойлгосон бизээ.
Харин энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилийн өмнөхөөс өөр нөхцөл байдалд өрнөхөөр байна. МАХН-ын хувьд дөрвөн жилийн өмнөх шигээ амжилт үзүүлэх магадлал бага. Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг өндөр байгаа учраас өрсөлдөж азаа үзэх нь тэдний хувьд эрсдэлтэй. Хөрөнгө санхүүгийн хувьд ч хүндхэн байдалд орсон гэдгийг ойрын эх сурвалжууд нотолж байгаа. Тэд энэ удаагийн сонгуульд аль нэг талд бооцоо тавьж оролцох нь илүү ашигтай гэдэг дээр санал нэгдсэн ажээ. Ингээд Н.Энхбаяр тэргүүтэй ихэнх хүмүүс МАН-тай учраа олж бялууны булангаас хүртэхийг илүүд үзсэн бол С.Ганбаатар тэргүүтэй цөөхөн хүн Х.Баттулгад бооцоо тавихаа мэдэгдэж хоёр тийшээ салцгаасан нь бүхний нүдэнд ил харагдах болжээ.
МАН-ын хувьд ч 100 жилийн ойгоороо хагарсан намаа нэг болгож болзошгүй эрсдлийг намжаан ерөнхийлөгчийн сонгуульд орохыг чухалчилж байгаа. Угаас дүрэмдээ МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл гэж тодорхойлсон тэдний хувьд дахиж алдагдсан Х үсэгнийхээ балгийг амсахыг хүсэхгүй нь мэдээж. МАХН Х.Баттулгатай хамтрах эсвэл дангаараа ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон тохиолдолд ямар гай тарихыг мэдэхгүй. Тиймээс азаа үзэж МАХН-ыг сул орхисноос харилцан тохиролцож нэгдэх нь чухал болоод байгаа юм.
Тал талын эдгээр эрх ашиг тэднийг ойр ойрхон уулзахад хүргэсэн гэдгийг тусгаар тогтнолын ордны тамхины цэг дээрх яриа нотолж байгаа юм. Гэхдээ МАН, МАХН-тай нэгдэх яриа хэлэлцээр туйлын бүтэл муутай байдал орсон байна.
МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгууль болон сонгино хайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд хоёр нам хамтарч оролцох Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг МАН-аас, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг МАХН-аас тодруулах саналыг анхлан гаргасан гэж эх сурвалж мэдээлж байгаа. Гэтэл МАХН үүн дээр нэмээд гурван сайдын суудал өгөх санал тавьсан гэх мэдээлэл байна. Тодруулбал Шадар сайд, эрүүл мэндийн сайд, байгаль орчны сайдыг МАХН-аас томилуулахыг хүссэн байна. Түүгээр зогсохгүй сайд нарынхаа нэрсийг хүртэл тодруулаад амжсан аж. Үүнд шадар сайдад Ц.Оюунбаатар, эрүүл мэндийн сайдад Т.Болдбаатар, байгаль орчны сайдад Б.Тулга нарын нэр дэвшүүлсэн гэх мэдээлэл байна. Хэрвээ энэ болзлыг хангахгүй бол МАХН-ны зүгээс МАН-тай хамтрах тухай ярилцахгүй гэж хатуухан байр сууриа илэрхийлсэн сурагтай.
Харин МАН-ын хувьд гэнэтийн энэ санал нь жинхэнэ сюрприз болж за ч гээгүй үгүй ч гээгүй сурагтай. Ямар ч нөхцөлд шадар сайдын суудлыг өгч чадахгүй гэдгээ шууд илэрхийлсэн мэдээлэл байна. Сөргүүлээд МАХН-ын зүгээс хэрвээ шадар сайдыг өгөхгүй бол соёлын сайд эсвэл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг авах санал тавьсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.
Хэдийгээр МАН-ын удирдлагууд МАХН-тай нэгдэхийг хүсэж байгаач үүнийг эсэргүүцэх гишүүд цөөнгүй байгаа аж. Тэд 2016 онд нэгдэх оролдлого хийж байсан ч МАХН-ын зүгээс УИХ-д нэр дэвшүүлэх мандатынхаа 50 хувийг олгохыг шаардсанаар яриа мухардалд орж байсан түүхтэй. МАХН-тай нэгдэхийг одоогийн ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ц.Нямдорж хамгийн их эсэргүүцэж “намаг шалбааг нь эх голдоо нийлдэг болгохоос их мөрөн намаг шалбааг дээрээ зутгадаггүй юм” гэж хэлж байсан удаатай. Харин одоо түүний байр суурь ямар болсон нь сонирхолтой.
О.Цагариг