Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, томилсон УИХ-ын тогтоолд хориг тавихаа мэдэгдсэн. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын 14 дэх хориг болно. Өмнөх 13 хоригоос 2 хоригийг л УИХ хүлээж авсан удаатай. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан 8 жилийн хугацаандаа 8 хориг тавьсан бол Х.Баттулга 4 жилийн хугацаанд 14 хориг тавьжээ. Х.Баттулга 4 жилийн хугацаанд хамгийн их хориг тавьсан рекордын эзэн болоход дахиад 1 хориг дутуу ажээ. Тодруулбал Ерөнхийлөгч Н.Багабанди 30 удаа хориг тавьсан буюу нэг бүрэн эрхийн хугацаанд дунджаар 15 хориг тавьснаараа рекордийг эзэмшиж байгаа аж.
Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн хоригийг чуулганд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй тохиолдолд УИХ-ын шийдвэр хэвээрээ үлддэг. Үе үеийн Ерөнхийлөгч нар УИХ-аас баталсан, хууль тогтоомж голдуу бодлогын асуудлаар хориг тавьж ирсэн. Харин УИХ-ын томилгооны шийдвэрт хориг тавьдаг жишгийг Х.Баттулга эхлүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор зарим судлаачид Ерөнхийлөгч УИХ-ын томилгоонд хориг тавих эрхгүй гэж тайлбарлаж байна. Тухайлбал судлаач О.Мөнхсайхан “Ерөнхийлөгч хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих” үгчлэн туйлын утгаар бус, харин Ерөнхийлөгчийн институтийн төрийн эрх мэдэл хуваарилж, хяналт, тэнцэл хангасан тогтолцоонд эзлэх байр суурьд тулгуурлан тайлбарлах нь зүйтэй. Энэ үүднээс авч үзвэл УИХ-ын бүхий л томилгооны эрх мэдлийг зогсоох, саатуулах эрх мэдлийг Үндсэн хууль Ерөнхийлөгчид олгоогүй хэмээн тайлбарлалаа. Хуулийн ийм үндэслэл байгаа учраас “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилсон УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэх юм бол ийм тогтоолд хориг тавих бүрэн эрхтэй гэж ойлгогдоно. Үүний оронд хэлэлцэх эсэхээр санал хураагаад олонхоороо хэлэлцэхээс татгалзах нь зүйтэй” гэжээ.
Үнэхээр Ерөнхийлөгч цаашид УИХ-ын шийдвэр бүхэнд тэр тусмаа онцгой бүрэн эрхэнд халдаж, томилгоонд хориг тавиад эхэлбэл яах вэ? Гэдэг ярвигтай асуудал болж байна.
Ердийн хуулийг 39 ба түүнээс дээш гишүүний саналаар баталдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс хориг ороод ирвэл 51 гишүүний дэмжлэг хэрэгтэй болж байгаа юм. УИХ баталсан хуулиа хамгаалахдаа батлахад оролцсон гишүүдээсээ давсан тооны гишүүдийн дэмжлэг авч байж шийдвэр хүчин төгөлдөр болно гэсэн үг. Ингэснээр “УИХ төрийн эрх барих дээд байгууллага” гэсэн статусаа амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байх нөхцөл бүрдэж Ерөнхийлөгчөөс хараат байдалд орох эрсдэл байсаар байна.
УИХ-аас Ерөнхий сайдыг томилсон, чөлөөлсөн шийдвэрт өмнө нь ямар ч Ерөнхийлөгч хориг тавьж байгаагүй. Хэрвээ цэцийн гишүүний томилгоонд хориг тавьсан жишгээр УИХ-аас Ерөнхий сайдыг томилсон шийдвэрт Ерөнхийлөгч оролцоод эхэлбэл бүр ч аюултай нөхцөл байдал бий болно. Жишээ нь УИХ-ын 76 гишүүн хуралдаж Ерөнхий сайдыг 50 гишүүний саналаар томиллоо гэж бодьё. Гэтэл уг шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд УИХ нь Засгийн газраа байгуулж чадахгүйд хүрнэ. Эсрэгээрээ УИХ-ын 50 гишүүн Засгийн газрыг огцрууллаа гэж бодьё. Хэрвээ хоригтой тулбал УИХ гүйцэтгэх засаглалтайгаа хариуцлага тооцож чадахгүйд хүрнэ. Ийнхүү УИХ бүх ард түмний төлөөлөл, төрийн эрх барих дээд байгууллага гэсэн үндсэн хуулийн ерөнхий шинжээ алдаж болзошгүй юм.