УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Улсын дээд шүүхээс санал болгосон Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Нэр дэвшигч Ж.Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. 51 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1988 онд Дундговь аймгийн I арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан байна.
Ж.Эрдэнэбулган нь 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар, 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч, 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх, 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн, 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн, 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна.
Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. 2021 оны гуравдугаар сарын 22-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, 18 хүн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргасан. Нийт нэр дэвшигчдийн хоёр нь төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг давсан гэх үндэслэлээр оролцуулаагүй бол гурав нь нэрээ татсан байна. Ийнхүү дээрх хуралдаанаар 13 нэр дэвшигч өрсөлдөхөд Ж.Эрдэнэбулган нь хамгийн олон санал авч, Цэцэд нэр дэвших эрхтэй болсон байна. Нэр дэвшигчтэй холбогдуулан гишүүд саналаа хэлж байна.