ХӨСҮТ-өөс коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Улсын хэмжээнд өчигдөр 16,777 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 46 хүнд халдвар илэрсэн. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нэг хүний шилжилгээнд халдвар шинээр илэрсэн бол уг арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтал 21 хүнээс халдвар илэрлээ. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрсэн байна.
Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрсэн. Халдварын нийт тохиолдлын тоо 2,801 бүртгэгдсэнээс 2,097 буюу 74.8 хувь нь эдгэрчээ. Шинээр үүссэн том голомт байхгүй боловч гэр бүлийн хүрээнд илэрсэн халдварууд бүртгэгдсээр байгаа юм. Мөн халдварын батлагдсан тохиолдлын тоо тууштай буурахгүй, цаашдаа үргэлжлэх хандлагатай байгаа учраас хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна" хэмээв.
Нийт 689 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:
- Маш хүнд 1,
- хүнд 7,
- хүндэвтэр 62,
- хөнгөн 619 хүн байна.