Авлигатай тэмцэх ерөнхий газар Нийслэлийн Боловсролын газартай хамтран “Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг Ерөнхий боловсролын төрийн өмчийн 148 сургууль, төрийн бус 127 сургуульд авлигын эсрэг бусад мэдээлэл, сурталчилгааны хуудасны хамт байршуулсан байна.
Энэхүү самбарт ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан болоод бусад ажилчид албан үүргээ гүйцэтгэхдээ баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээг тусгажээ.
Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хэн нэгнээс шан харамж авах, сурагч эцэг эхчүүдэд хүндэтгэлгүй хандах, ялгаварлан гадуурхах, зөвшөөрөлгүйгээр ном сурах бичиг худалдан борлуулахыг таслан зогсоох зэргээр боловсролын салбар дахь авлигын асуудлыг багшийн ёс зүйн төлөвшлөөс эхлүүлэх нь үр дүнтэй гэдэг үүднээс “Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдэд түгээн байршуулж, цаашид авлигын эсрэг мэдээлэл, сурталчилгааг боловсролын анхан шатны салбар нэгжүүдэд хүргэхээр төлөвлөж байгаа аж.