Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуульд тусгасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 58 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа мэдээлэх үеэр, хэлэлцэн баталсан Шүүхийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.

2012 онд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн талаарх санал, шүүмжийг шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж шударга шүүхээр шүүлгэх эрх баталгаажиж, шүүгч хэргийг хянан шийдвэрлээд шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг ойгомжтой байдлаар тайлбарладаг болох юм байна. Түүнчлэн шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулдаг, цуцалдаг, иргэдэд хүндрэл учруулдаг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Мөн шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус байдлыг хангах болон шүүгчтэй сахилгын хариуцлага тооцох асуудлаар тогтолцооны өөрчлөлт хийсэн болохыг Ж.Сүхбаатар гишүүн мэдээллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлд заасан шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр огцруулах агуулга бүхий зохицуулалтад нийцүүлэн шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуульд нэг бүрчлэн тодорхой тусгаж, шүүгчийн сахилгын зөрчилд хаалттай, нээлттэй хэлбэрээр сануулах, цалинг тодорхой хугацаа, хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, огцруулах гэсэн таван төрлийн шийтгэлээс зөрчлийн шинж, хэр хэмжээг харгалзан оногдуулахаар тодорхойлж, тухайн зөрчилд тохирсон шийтгэл оногдуулдаг болж байгаа юм.

Сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан талаарх зохицуулалтыг Ж.Сүхбаатар гишүүн онцоллоо. Тодруулбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулсан гэдгийг дэлгэрэнгүй мэдээлсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд ингэснээр хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулах юм байна.

Харин бүх шатны шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байх Үндсэн хуулийн зохицуулалт хэвээр байгаа гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн мэдээллийнхээ үеэр онцолж байв. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг байсныг өөрчилж, нийт бүрэлдэхүүний 50 хувийг шүүгчид чуулганаараа сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилохоор хуульчилсан байна. Хууль 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр зохион байгуулалтын олон ажил эхлэх бөгөөд шүүхийн шударга тогтолцоотой болохын төлөө УИХ, Хууль зүйн байнгын хороо тухай бүр олон нийттэй нээлттэй, ил тодоор хамтран ажиллах болно гэдгийг тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд хэллээ.

Тус байнгын хороо 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын болон дэд хорооны хуралдаанаар хэлэлцэж холбогдох санал, дүгнэлт гаргажээ. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 18 удаа хуралдаж, 28 санал, дүгнэлт, дөрвөн танилцуулга, зарчмын зөрүүтэй 235 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Нийт 29 хууль, найман тогтоол батлуулсан, хэлэлцүүлгийн шатанд найман төсөл  байгаа бөгөөд ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэн, батлуулахаар ажиллаж байгаа хэмээн Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэвлэлийн бага хурлын эхэнд танилцуулав.

УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 10 ажлын баг байгуулан 37 удаа хуралдаж, 8 танилцуулга, санал, дүгнэлтийг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 3 дүгнэлт, албан тушаалтныг томилох, чөлөөлөх 1 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргажээ.

Хууль зүйн байнгын хороо шүүх, шүүгчийн хараат бус байдлын асуудлаар буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн талаар тасралтгүй 18 цаг орчим хуралдаж, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу анх удаа төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар мэтгэлцээн явуулсан онцлогтой гэдгийг С.Бямбацогт гишүүн хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэв. 

БНХАУ-ын вакцин нийлүүлэх 13 орны жагсаалтад манай улс багтжээ
БНХАУ-ын вакцин нийлүүлэх 13 орны жагсаалтад манай улс багтжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.