УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоол баталж, тус хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг гишүүнээр нэмлээ.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх горимын санал гаргасныг гишүүд дэмжив. Тус дэд хороо бүрэлдэхүүндээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэмэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж санал, дүгнэлтээ УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлжээ.
Байнгын хороо энэ сарын 20-ны хуралдаанаараа эл асуудлыг хэлэлцэж, дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг батлахыг дэмжлээ.
Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлаар АН-ын бүлгээс авсан завсарлага дуусав. Тус бүлэг завсарлага авахаас өмнө гишүүд нэр нэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууссан. Иймд Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлаар одоо санал хураах юм.