УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюу толгойгоо буцаан авах өлсгөлөн” нэртэй өлсгөлөн зарлалаа.
Тэрбээр өнөөдөр өглөөнөөс эхлэн төв талбайд өлсгөлөн зарлаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар Оюу толгойтой холбоотой асуудалд санаачилга гарган оролцохгүй байгааг шүүмжилж байгаа.
32 дахь Ерөнхий сайдад нэр тодроод буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюу толгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөнг зарлаж байгааг мэдээллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Рио Тинтотой хэлэлцээр хийх ганц хүн бол Ерөнхий сайд. МАН чадахгүй бол надад энэ эрхээ өгчих. Би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье. УИХ-ын гишүүн ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх гэж сонгогдсон. Би ард иргэдийг өлсгөлөн зарлахыг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай гэж хүсэж байна" гэлээ.
Засгийн газраас 2019 оны 12-р сард Оюу толгойн гэрээтэй холбоотой ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай яриа, хэлэлцээ хийх үндсэн зорилготой бөгөөд уг ажлын хэсгийг ч мөн ажлаа хийхгүй байна хэмээн шүүмжилж байгаа юм. Тэрбээр өлсгөлөнгөө сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.