Инфляц яагаад өсөх болов

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 19 секунд

Сүүлийн үед инфляцын тухай яриа хаа сайгүй өрнөж байна. Үнийн өсөлт хүн бүрт мэдрэгдэж байгаа учраас тэр. Үндэсний статистикийн хорооны 4 дүгээр сарын тайлангаар инфляц 10.1 хувьд хүрч, хоёр оронтой тоонд орлоо. Гэхдээ энэ тооноос илүү анхаарал татах нэг зүйл бас бий. Хүнсний инфляц 19.7 хувьд хүрсэн нь ковидын үеийн 18 хувийн оргилоос давсан гэсэн үг. Энэ бол зүгээр нэг өсөлт биш. Энэ бол айл бүрийн гал тогоонд мэдрэгдэж байгаа бодит дарамт.

Өнөөдөр зах дээр очоод мах авахад килограмм нь 35,000-40,000 төгрөг хүрчихсэн байна. Гурил, тос, будаа гээд өдөр бүр хэрэглэдэг зүйлс бүгд дагаад өссөн. Цалин өссөн ч амьдрал яагаад хүнд байгаагийн хариулт ердөө энэ. Үнэ илүү хурдан өсөөд байна.

Ийм үед маш амархан тайлбар гарч ирдэг. “Монголбанк мөнгө хэвлээд байна”, “бодлогын хүү буруу байна” гэх мэт. Өөрөөр хэлбэл инфляцын бурууг шууд мөнгөний бодлого руу чихээд өнгөрдөг.

Гэхдээ үнэхээр асуудлын гол нь тэнд байна уу?

Махны жишээг аваад үзье. Сүүлийн саруудад махны үнэ тогтвортой байсан мэт харагдсан. Гэхдээ энэ бол жинхэнэ зах зээлийн үнэ биш байжээ. Хаврын улиралд мал нядалгааны нийлүүлэлт буурдаг, хадгалалт, тээвэр, шатахууны зардал нэмэгддэг нь хэвийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл, үнэ өсөх суурь нөхцөл аль хэдийн бүрдчихсэн байсан гэсэн үг.

Гэхдээ үүн дээр нэг зүйл нэмэгдсэн гэдгийг анзаарах ёстой. Тэр нь бодлого.

Мах бэлтгэл, нөөцлөлтийн чиглэлээр өгч байгаа хөнгөлөлттэй зээл, татаас зах зээлийг тэгш дэмжиж чадсангүй. Харин эсрэгээрээ цөөн хэдэн компанид давуу байдал бий болгожээ. Ингээд жижиг нийлүүлэгчид шахагдаж нийлүүлэлт багасчээ. Үр дүнд нь үнэ өссөн байна.

Эндээс нэг энгийн дүгнэлт гарна. Үнэ өссөн нь “ченж муу” байснаас биш, харин нийлүүлэлт багассан учраас гэдгийг анхаарах ёстой. Гэтэл яг энэ үед нөгөө талд Монголбанк юу хийж байна вэ? Инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ өсгөж, зээлийг хумиж, зах зээл дэх мөнгийг татах гэж оролдож байгаа. Өөрөөр хэлбэл эрэлтийг багасгах гэж байна.

Гэтэл нөгөө талд төсөв хэрхэн ажиллаж байна вэ? Төсвийн зардал тэлж, халамж, татаас, хөрөнгө оруулалт гээд асар их мөнгө зах зээл рүү цутгаж байна. Энэ нь эрэлтийг нэмэгдүүлж таарна. Энэ үзэгдлийг нэг хөлөөрөө тоормос гишгээд байхад нөгөө нь хааз гишгээд байгаатай зүйрлэж болох юм. Тэгээд дараа нь “машин яагаад зогсохгүй байна вэ” гэж асуугаад тоормосыг буруутгаж байгаа гэж ойлгож болох юм.

Өнөөдөр инфляцын дүр зураг яг ийм байна.

Хэрвээ зөвхөн мөнгөний бодлого асуудал байсан бол ханш огцом савлах ёстой, эсвэл зээлийн тэлэлт хэт огцом өссөн байх ёстой. Гэтэл өнөөдрийн нөхцөлд ханш харьцангуй тогтвортой байна. Энэ нь нэг зүйлийг илтгэнэ. Инфляцын гол шалтгаан гадаад биш, дотоодод байна. Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө эрэлтийг хэт их өдөөж байна. Монгол шиг импортын өндөр хамааралтай эдийн засагт зах зээлд орж буй илүүдэл мөнгө шууд үнэ болж хувирдаг. Төсвөөс гарч буй их наядын зардлын тодорхой хэсэг нь шууд хэрэглээ болж, дэлгүүрийн лангуун дээр дарамт үүсгэдэг. Нэг бүтээгдэхүүний үнийг барих гэж оролдсон бодлого нь нөгөө бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг. Ингээд эцэст нь бид махны үнийг барьсан ч гурил өснө, гурилыг баривал тос өснө, тосыг баривал бүхэлдээ инфляц өснө гэдэг зарчмыг бодлого гаргагчид маш сайн баримтлах ёстой шүү гэж хэлмээр байна.

Дэлхийд энэ асуудлыг яаж шийддэг вэ гэдгийг харахад их энгийн. Чили, Индонез зэрэг улсууд инфляцтай тэмцэхдээ нэг зарчим баримталдаг. Тэр нь, мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрыг нэг чиглэлд явуулах. Эрэлтийг багасгах бол хоёулаа багасгана. Зардлаа танана. Татаасаа хумина.

Харин бидний үйлдэл тэс эсрэг төдийгүй сүүлийн жилүүдэд ердийн үзэгдэл болчихлоо. Тиймээс өнөөдрийн 10.1 хувийн инфляц, тэр дундаа 19.7 хувьд хүрсэн хүнсний инфляц бол санамсаргүй зүйл биш юм. Энэ бол бодлогын зөрчлийн шууд үр дүн гэж дүгнэж болно. Хамгийн гол нь энэ нөхцөлд буруутан олох хамгийн амархан. Тэр бай нь Монголбанк болдог. Гэтэл үнэндээ ганц талын бодлогоор инфляцыг дарах боломж байдаггүй. Нэг тал нь гал унтрааж байхад нөгөө тал нь бензин асгаад байвал гал унтрахгүй шүү дээ. Тиймээс “инфляц яагаад буурахгүй байна вэ” гэдэг асуултад хариулахдаа зөвхөн мөнгөний бодлого руу заах нь дутуу, бүр буруу ойлголт юм.

Бид инфляцтай тэмцэж байна гэж боддог. Гэхдээ бодит байдал дээр бодлогоороо өөрсдөө түүнийг улам тэжээж байгааг ойлгох цаг ирсэн.

Эдийн засгийн ухааны доктор Р. Даваадорж

ОХУ-ын “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг ирлээ
ОХУ-ын “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг ирлээ
 
Маргааш Улаанбаатарт 23 хэм дулаан, үүл багасна
Маргааш Улаанбаатарт 23 хэм дулаан, үүл багасна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!