
Монголбанк инфляцыг дунд хугацаанд бууруулж 2027 оноос 5 хувь (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулахаар зорьж байна. Өнөөдрийн байдлаар инфляц улсын хэмжээнд 8.1 хувь буюу Төв банкны зорилтот 6 хувийн хязгаарыг даваад буй. Хэрэв "инфляц буурахгүй бол зээлийн хүү буурах боломжгүй" гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлсэн юм. Энэ асуудлаар түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Он гарсаар инфляц хоёр оронтой тоо руу орсон нь Монголбанк бодлогын хүүг хатууруулахад хүргэсэн. Өнөөдрийн байдлаар бодлогын хүү 12 хувьтай байгаа нь зээлийн хүү өндөр байх нөхцөл болж байна. Мөн та илтгэлдээ инфляц буурахгүй бол зээлийн хүү буурах боломжгүй гэдгийг тодотголоо. Тэгэхээр инфляцыг төвбанкны зорилтот түвшинд хүрэхээс нааш мөнгөний зөөлөн бодлого хэрэгжихгүй бололтой?
-Инфляц өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8.1 хувьтай байна. Энэ бол сүүлийн таван сарын хугацаанд буурсан дүн юм. Цаашид инфляцыг найман хувиас доош бууруулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлнэ. Бодлогын хүү 12 хувьд оны эхнээс хойш тогтвортой хадгалагдаж байгаа. Цаашид инфляц доош бууртал бодлогын хүүг хэвээр хадгална гэсэн үг. Ингэснээр бодлогын хүү буурах орон зай үүснэ.
-Тэгэхээр инфляцыг 5 хувьд хүргэх Төвбанкны зорилтоос хамаарч бодлогын хүү 2027 оноос нааш буурахгүй нь?
-Эдийн засагт хүндрэл учруулж болох том нөхцөл байдал гадаад орчин талаас л байна. Гадаад орчны тодорхой бус байдлыг бид маш сайн анзаарч үүсэж буй нөхцөл байдлыг зөв үнэлж, богино хугацааны бодлогын маневрууд хийх, тодорхой хэмжээний нөөц бололцоогоо хадгалах ёстой. Түүнээс биш гадаад орчинд юу болох гэж байгаа нь ойлгомжгүй үед бид ингэнэ, тэгнэ гэж хэлэх боломжгүй.
ГАДААД НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОДОРХОЙ БУС, ИНФЛЯЦЫН ДАВЛАГАА ҮҮСЭХ ЗЭРЭГ ТОМ СӨРӨГ НӨЛӨӨЛЛҮҮД ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ УЧИР БИД БОЛГООМЖТОЙ, ХЯНАМГАЙ, НӨӨЦ БҮРДҮҮЛСЭН БАЙХ ЁСТОЙ
-Геопопитикийн тодорхойгүй байдал, худалдааны дайн, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын “Тарифын бодлого”-ын тодорхойгүй нөхцөл байдал зэргээс үүсэх эдийн засгийн эрсдлийг Монголбанк хэрхэн тооцоолж байгаа бол?
-Өнгөрсөн зун Монголбанк олон улсын хурал хийсэн. Хурлын үеэр нэг судлаач “Өнөөдөр ганц тодорхой байгаа зүйл бол тодорхой бус байдал” гэж хэлсэн. Энэ нь өөрөө гадаад орчин ямар тодорхой бус байдалтай байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа тарифын бодлогуудыг хэрэгжүүлэхээ зарласнаас хойш дөрөвдүгээр сард нэмэгдүүлсэн. Улмаар хэлэлцээр хийх хугацаагаа хойшлуулж, өнгөрсөн 7, 8 дугаар сард ихэнх улс оронтой хэлэлцээр хийж, эдийн засгийн хамтын ажиллагааны тариф тодорхой болсон. Гэвч өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тариф үнэхээр хүчин төгөлдөр үү, үгүй юу гэдэг нь дахиад тодорхой бус байдал үүсгэж байна.
Өөрөөр хэлбэл, тодорхой болох гэж байгаа юм шиг дахиад л тодорхой бус байдлыг үүсгээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тариф эцэст нь дэлхийн эдийн засагт улс орнуудын хоорондын чөлөөт худалдаанд сөрөг нөлөөтэй. Хоёрдугаарт, энэ нь өөрөө эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй.
Дээр нь бизнесийн өртөг зардалд нөлөөтэй. Энэ нь эцэст нь инфляцын давлагааг үүсгэвэл улс орны Төвбанкууд бодлогын хүүгээ бууруулж чадахгүй. Энэ тохиолдолд олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын эх үүсвэр босгох гэж буй хүмүүсийн эх үүсвэрийн өртөгт нь нөлөөлнө. Энэ мэтчилэн том сөрөг нөлөөллүүд үүсэж болзошгүй учир бид маш болгоомжтой үрэлгэн биш тодорхой хэмжээний нөөц бүрдүүлсэн байдлаар бодлого, үйл ажиллагаагаа төлөвлөх хэрэгтэй. Үүнд хувийн болон улсын сектор аль аль нь хамаатай. Хэрэв нөөц хуримтлуулсан тохиолдолд аливаа үүссэн нөхцөл байдал дотор маневир хийх орох зайг үүсгэж байдаг учир энэ нь маш чухал.
УРГАЦ ХУРААЛТ, ӨВӨЛЖИЛТ ЗЭРЭГ УЛИРЛЫН ШИНЖ ЧАНАРТАЙ ИНФЛЯЦЫН САВЛАГАА ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ
-Магадгүй гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж Төвбанк инфляцыг одоогийн 6 хувийн зорилтоос 2027 онд 5 хувьд хүргэх боломж бодит байдал дээр байхгүй юм биш үү. Манай улсын хувьд нийлүүлэлтийн гаралтай инфляц дээр дарамт ирдэг. Мах, түлш зэрэг цөөн төрлийн бараа л инфляцыг өдөөсөөр байгаа?
-Инфляцыг задалж харвал, одоогийн 8.1 хувийн 2 нэгж хувь нь төрийн зохицуулалттай бараа бүтээгдэхүүн байхгүй юу. Үүний цаана, их дээд сургуулиудын сургалтын төлбөр, автобусны билетний үнэ, цэвэр, бохир усны үнэ, цахилгааны үнэ зэрэг төрөөс тогтоодог бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа гэсэн үг. Хэрэв энэ бүгд байхгүй бол өнөөдөр 8 хувийн инфляц 6.2 хувьтай байхаар юм. Дээр нь иргэдийн хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах нь инфляцын 1 хувийг эзэлж байна. Тэгэхээр 8 хувийн инфляцын гурав нь эдгээр зүйлээс хамааралтай. Яг ийм 8 хувийн инфляци зорилтоос давсан учир мөнгөний бодлого илүү чангарах ёстой гэх зүйл байхгүй. Яагаад гэвэл инфляц доторх задаргааг нь бид сайн харах ёстой. Цаашид инфляцыг 2027 оноос 5 хувьд бууруулахаар зорьж байна. Үүнийг суурь төсөөллөөр авч үзвэл 2027 онд инфляц 5 хувь руу буух бололцоотой. Мэдээж улирлын шинж чанартай ургац хураалт, өвөлжилт, зуншлагатай холбоотой инфляцын савлагаа үүсэх эрсдэл байж магадгүй.
Цаашид инфляцыг 5 хувьд буулгаж, 2-3 жилдээ энэ түвшинд баривал 4 хувь болгон бууруулах зорилтыг чангаруулах ёстой. Инфляцыг сууриар нь доош буулгаж чадвал эдийн засаг дээрх зээлийн хүү буурна. Инфляцыг бууруулахгүйгээр зээлийн хүүг бууруулах ямар ч бололцоо байхгүй. Тиймээс Монголбанк инфляц дээр хатуу зорилт тавьж, үүнийг буулгахын төлөө бодлогын хүүг барьж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ёстой.
-Таны хэлсэнчлэн инфляц дээр улирлын шинж чанартай үүсэх дарамт бий юу. Мөн гадаад нөхцөл байдал тодорхойгүй байгаа нь нөлөөлж болзошгүй байх?
-Инфляцид нөлөөлж буй хүчин зүйлсийг харвал эрэлтийн болон нийлүүлэлтийн гэж хоёр ангилж болно. Эрэлтийн талаас авч үзвэл, төдийлөн том дарамт байхгүй гэж харж байна. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлт 5-6 хувьтай байхад инфляцын нэмэлт дарамт үүсэхгүй болов уу. Мөн гадаад талаасаа тарифтай холбоотой импортлогдсон инфляц орж ирэх вий гэх болгоомжлол байна. Дээр нь дотоод талаасаа цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой ургац хураалт, өвөлжилттэй холбоотой янз бүрийн инфляцын дарамт бий.
- Гадаад валютын нөөц наймдугаар сард 5.6 тэрбум ам.доллар болж өмнөх сараас өсөхөд ямар хүчин зүйл нөлөөлөв?
-Энэ жил наймдугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын нөөцийн түвшин 5.6 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь оны эхнээс өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний орлого 2 тэрбум ам.доллароор дутсан. Үүний гол шалтгааны 80 хувь нь түүхий эдийн үнийн бууралттай холбоотой. Тэгвэл нүүрсний дутсан орлогыг хаанаас нөхөв гэхээр оны эхнээс арилжааны банкнууд 800 гаруй сая ам.долларын эх үүсвэрийг гаднаас оруулж ирсэн. Дээр нь Монголбанк төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зорилгоор 450, 60 сая ам.доллар оруулж ирсэн. Энэ нь өөрөө гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болж байгаа юм. Мөн Хөгжлийн банкны оруулж ирсэн 300 сая ам.доллар эерэг нөлөө үзүүлсэн. Энэ бүгд нь нүүрсний орлогоос дутаж буй валютын дутагдлыг нөхөж валютын нөөц 5.6 тэрбум ам.доллар байна гэсэн үг.
-Гадаад орчны тодорхойгүй байдал алтны эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, үнэ цэнэ нь өсөж байна. Улс орнуудын төвбанк алтаар нөөцөө бүрдүүлэхэд анхаарах боллоо. Харин Монголбанкны алт худалдан авалт буурчээ?
-Өнгөрсөн оноос хойш Монгол банкны дотоодоос худалдан авсан алтны хэмжээ бага байна. Нөгөө талд, Монгол Улс өөрөө гадаад валютын нөөцийн удирдлагын хүрээнд валютын нөөцийн тодорхой хувийг алтанд байрлуулах бодлого Төвбанкны хуулиар тодорхой нууцын зэрэглэлтэй шийдвэрүүд гараад хэрэгжиж байгаа.
-Ирэх оны төсөвт нүүрсийг дунджаар 70 ам.доллароор тооцож 90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. Мөн макро эдийн засгийн төсөөллийг харахад 5-6 хувийн өсөлттэй байхаар төсөөлж байгаа зэргийг харвал хэт өөдрөг төсөөлөл биш үү. Ерөнхийдөө Монголбанкны “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бичиг баримт” нь өөрөө шүүмжлэл дагуулдаг шүү дээ. 2026 оны бодлогын бичиг баримтыг боловсруулахдаа бие даасан байдлыг хангаж чадсан уу?
-Төсвийн хувьд Монголбанк сүүлийн хоёр, гурван жил Их хурал дээр төсвийн зардлыг ДНБ-ий 30 хувиас давуулахгүй байх тухай сануулж байгаа. Энэ нь эргээд мөнгөний бодлого, хувийн сектор дээр орон зай үүсгэх учраас ярьсаар байгаа юм. Хувийн сектор давамгайлсан эдийн засагтай байхын тулд төр тодорхой хэмжээнд хямгатай байх ёстой. Нөөцийг бүрдүүлэх ёстой, эрсдэлээс хамгаалсан нөөц бүрдэж байх ёстой гэсэн ийм концепц явж байгаа шүү дээ. Миний хувийн бодол Монголын эдийн засаг цаашид тогтвортой өсөж хөгжихөд хувийн сектор давамгайлсан эдийн засаг байх ёстой. Энэ бололцоог олгосон төрийн бодлого үйл ажиллагаа бол явах ёстой.
Ноолуур Монгол Улсад валют оруулж ирдэг хоёр дахь том бүтээгдэхүүн болж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд холбогдох ёстой
-Нөгөөтэйгүүр, уул уурхайн дараа жагсах хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтөд хэр их нөлөөлнө гэж харж байгаа вэ. Засгийн газар энэ салбарыг дэмжиж “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг томоохон хөтөлбөр дээр Монголбанктай хамтран хөнгөлөлттэй зээл олгох байдлаар санхүүжүүлж дэмжсээр байна. Өнөөдрийн байдлаар эдгээр төслүүд үр өгөөжөө өгч эхэлсэн үү?
-Ковидын үеийг эс тооцвол хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 2-3 жилийн хугацаанд маш их хэмжээний санхүүжилт очиж байгаа. Санхүүжилт очиж буй хэлбэр нь таны дурдсан хөтөлбөрүүд юм. Энэ хүрээнд 2-3 жилийн хугацаанд 3.4 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ мөнгийг арилжааны банкууд олгох байдлаар хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж буй. Харин Монголбанкнаас ямар нэгэн дэмжлэг олгоогүй. Гэхдээ Засгийн газрын зүгээс энэ санхүүжилт дээр нь хүүний татаас хэлбэрээр орж байгаа. Тэгэхээр Засгийн газар, арилжааны банк хоёрын хөдөө аж ахуйн салбар дээр очиж буй энэ санхүүжилт эцэст нь бие даасан, улирлын хэлбэлзлээс хамаарал багатай, байгаль орчин цаг уурын дасан зохицох чадвар нь дээшилсэн ийм салбарыг бий болгохын төлөө хөнгөлөлттэй зээл хувийн сектороос очиж байгаа гэсэн үг. Үр дүнг нь бид хүлээсээр л байна.
Хөдөө аж ахуйн салбараас гарч буй мах, гурил, хүнсний ногоо энэ бараа бүтээгдэхүүн инфляцад хүчтэй нөлөөтэй учир улирлын болон нийлүүлэлтийн сүлжээгээр дамжсан савлагаа буурснаар инфляц буурч, бодлогын хүү буурах, зээлийн хүү буурах нөхцөл бий болно. Энэ утгаараа энэ хөтөлбөр маш чухал. Хоёрдугаарт, дотоод эдийн засгаас бид хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг хангаж чаддаг байх нь улс орны хувьд их чухал. Үүн дотор хүнсний бараа бүтээгдэхүүнээс гадна Монгол Улсын экспорт руу чиглэсэн чухал бүтээгдэхүүн бол ноолуур учир жил бүр 300, 400 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дэмжиж байгаа. Эцэст нь ноолуур Монгол Улсад валют оруулж ирдэг хоёр дахь том бүтээгдэхүүн болж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд холбогдох ёстой.
Энэ жилийн хувьд нэг онцлог нь үр дүн гарч байна уу гэж харж байгаа. Өмнө нь бид ноолуурыг угааж гаргадаг байсан бол энэ жил самнаж гаргадаг болсон. Монгол Улсын хувьд самнадаг үйлдвэрийн хүчин чадал 100 хувь болсон. Дараагийн удаа бид ээрч гаргах ёстой. Ингэснээр ээрсэн ноолууранд хорогдол маш бага, өртгийн нэмэгдэл нь хоёр дахин өндөр учир маш чухал. Гэтэл өнөөдөр үйлдвэрүүдийн ээрдэг хүчин чадал маш бага, 20 хувь ч хүрэхгүй. Энэ хүчин чадлыг гаднын хөрөнгө оруулалтаар урт хугацаатай санхүүжилтээр гаргах гэж буй зах зээлийн стандартад технологийг нэвтрүүлж оруулж ирж байж үүнийг хийх ёстой. Тэгвэл бидний экспортын орлого дээр бас нэгэн том төрөлжилт бий болно.