ШЕЗ: Япон Улсын гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн шүүхийн сайн туршлагаас судалж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 43 секунд

Монгол Улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн Академи, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид Япон Улсын гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний хэргийн шүүхийн үйл ажиллагаа, эрх зүйн орчинтой танилцаж, туршлага судлах арга хэмжээнд оролцож байна.

Энэхүү айлчлал нь олон улсын жишигт нийцсэн шүүхийн бүтэц, загварыг бий болгох, эрх зүйн орчныг сайжруулах зорилготой юм.

Гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн шүүхийн туршлага судлах энэхүү арга хэмжээг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025-2030)” төслийн хүрээнд Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газартай хамтран Япон Улсын нийслэл Токио хотод 2026 оны 06 дугаар сарын 08-аас 12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Япон Улсын Гэр бүлийн шүүх нь 1949 онд байгуулагдсан Ази тивийн анхны төрөлжсөн шүүхүүдийн нэг бөгөөд гэр бүлийн амар тайван байдлыг хангаж, хүүхдийн цогц хүмүүжлийг дэмжих үндсэн үзэл баримтлалтай ажилладаг.

Тус шүүх нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, насанд хүрээгүй хүний холбогдсон хэрэг, эсхүл насанд хүрээгүй хүн гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй байгаа нөхцөл байдлыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг бөгөөд эвлэрүүлэн зуучлал, нийгэм-сэтгэл зүйн судалгаа, шинжилгээний аргачлалыг нэгтгэн хэрэглэж, маргаан болон гэмт үйлдлийн суурь шалтгааныг илрүүлж, урьдчилан сэргийлэх, ирээдүйд чиглэсэн цогц шийдэл гаргахыг зорьдог онцлогтой.

Ингэхдээ гэрийн нөхцөлд судалгаа хийх, ярилцлага авах, сэтгэл зүйн үнэлгээ явуулах зэрэг аргачлалаар хэрэг маргааны бодит нөхцөл байдал болон түүний цаад сэтгэл зүйн, нийгмийн хүчин зүйлийг цогцоор нь тодорхойлж, насанд хүрээгүй хүний хэрэгт хувь хүний хөгжил, хүмүүжил, орчны нөхцөлийг үнэлж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөхөн сэргээх арга хэмжээг санал болгодог байна.

Монголын төлөөлөгчид Япон Улсын Гэр бүлийн шүүхийн шүүгч, шинжээч, эвлэрүүлэн зуучлагч болон эрдэмтэн судлаачидтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтаар хүүхдэд ээлтэй шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэв. Япон Улсын Гэр бүлийн шүүх нь насанд хүрээгүй хүний хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шийтгэхээс илүүтэй нөхөн сэргээх, хүмүүжүүлэх зарчмыг баримталж, хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалдгаараа онцлогтой юм.

Энэхүү чухал ач холбогдолтой туршлага судлах айлчлалд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Х.Эрдэнэсувд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн Академийн захирал Д.Эрдэнэчимэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Эрдэнэбулган, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн Академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын Гэр бүлийн хөгжил хамгааллын үйлчилгээний төлөвлөлт хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төслийн багийн төлөөлөл оролцож байна.

Монголын төлөөлөгчдийн судалсан Япон Улсын Дээд шүүхийн дэргэдэх Хууль зүйн сургалт, судалгааны хүрээлэн болон шүүхийн ажилтнуудын сургалт, судалгааны хүрээлэнгийн туршлагууд нь Монгол Улсад байгуулагдах Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн захиргааны бүтэц, хүний нөөцийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Өнөөдөр ХУД, СБД, БЗД, Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ
Өнөөдөр ХУД, СБД, БЗД, Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!