“Эдийн засгийн шинжлэх ухааны сонгодог 50 бүтээл“ ном уншигчдын гарт хүрч эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд


"Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв"-ийн УЗ-ийн дарга П.Цагааны санаачилга дэмжлэгээр, тус төвийн гүйцэтгэх захирал, доктор Ч.Отгочулуу Английн философич Том Батлер Боудоны “ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СОНГОДОГ 50 БҮТЭЭЛ” номыг монгол хэлнээ орчуулж, уншигч олны хүртээл болголоо. Дэлхийд шилдэг борлуулалттай энэ бүтээлийг зөвхөн санхүү, эдийн засгийн салбарынханд бус өөрийгөө хөгжүүлэхийг зорьсон хүн бүрд болон бодлого боловсруулагчдад зориулан орчуулжээ.

Том Батлер Боудон бол аливаа шинжлэх ухааны салбарын хамгийн шилдэг, хүн бүрийн заавал унших ёстой 50 номыг сонгон авч, охь болсон хэсгүүдээс нь дээжилж нэг боть ном болгон эмхэтгэдэг шинжлэх ухааны философич хүн юм. Түүний “ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СОНГОДОГ 50 БҮТЭЭЛ” ном бол Эдийн засгийн шинжлэх ухааныг үндэслэгч Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” (The Wealth of Nations)-аас эхлээд Томас Пикеттигийн “Капитал XXI зуунд” (Capital in the Twenty-First Century) хүртэлх аугаа бүтээлүүдийг багтаасан цомирлог болжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү ном нь уншигчдыг аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үеэс крипто-валютын үүсэл хөгжил хүртэл замчилж, сүүлийн 200 жилийн хугацаанд эдийн засгийн сэтгэгчид, эрдэмтэн мэргэдийн дэвшүүлсэн гол үзэл санаануудыг 50 ном уншихгүйгээр нэг дор тоймлон унших боломжийг бүрдүүлжээ.

Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуу өмнө нь Том Батлер Боудоны “Бизнесийн сонгодог 50 бүтээл” буюу АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын “Хэлэлцээ хийх урлаг”, Элон Маск, Марк Зукерберг зэрэг дэлхийн толгой баячуудын бизнесийн амжилтын түүхүүдийг багтаасан номыг Монголын уншигчдад хүргэж байсан юм. Дашрамд дурдахад “ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СОНГОДОГ 50 БҮТЭЭЛ” бүх номын дэлгүүрүүдээр худалдаанд гарах ажээ.

Маргааш өдөртөө 18 хэм ДУЛААН
Маргааш өдөртөө 18 хэм ДУЛААН
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!