АНУ, Израйл болон Ираны зөрчилдөөний улмаас газрын тосны далайн тээврийн гол суваг болох Ормузын хоолойд нөхцөл байдал хүндэрч тээвэрлэлт бараг зогсоод байгаа. Хоёр улс шууд дипломат харилцаа байхгүй тул гуравдагч талаар дамжуулан хэлэлцээ хийх ажлууд үргэлжилж байна. АНУ-ын зүгээс өөрсдийн шаардлагыг хүргүүлсэн ба Ираны хүлээж аваагүй. Энэ хооронд АНУ-ын зүгээс Ираны дэд бүтцүүдэд хэд хэдэн цохилт хийсэн. Харин Ираны талаас Ормузын хоолойг бүрэн хааж, Израйл руу цохилт өгөөд амжсан.
Харин талууд анх удаа харилцан гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоох ба энэ хугацаанд албан ёсны хэлэлцээр хийх тохироонд хүрэх учиртай. Иран Ормузын хоолойг хянаж байгаа ч бүс нутагтаа цохилтууд авсан нь буулт хийхэд нөлөөлсөн байх. АНУ болон Израйл Ираны цахилгаан станц болон дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгсөн. Энэ бүхэн асуудлыг хүндрүүлсэн нь ойлгомжтой. Тэр ч утгаараа хэлэлцээрийн ширээний ард суух сонирхол Иранд илүү гарч ирлээ. Ираны зүгээс 10 саналыг АНУ-ын талд хүргүүлсэн. Ираны талаас илүү урт удаан хугацааны энх тайван болон эдийн засгийг сайжруулахад чиглэсэн саналуудыг илгээсэн байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дээрх 10 саналыг яриа хэлэлцээ эхлүүлэх боломжтой асуудлууд гэж харж буйгаа хэлээд амжсан. Эдгээр 10 заалтад санал зөрөлдөх болон хүлээн зөвшөөрөх заалтууд байгаа. Хэрхэн шийдэгдэх эсэх нь гал зогоосон уг өдрүүдэд шийдэгдэх учиртай. Нөхцөл байдлыг АНУ өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх боломж илүү байгаа. Тэр ч утгаараа энэ удаад Иран өөрсдийн хүслийн жагсаалтаа АНУ-д илгээж байна.
Иран АНУ-аас юу хүсэв

Тохиролцоонд хүрэх хамгийн өндөр магадлалтай хоёр заалт
Хоёрдугаар сарын 28-нд албан ёсны мөргөлдөөн эхэлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Талуудын тохиролцох магадлал хамгийн өндөр заалт нь дайныг зогсоох гэж олон улсын шинжээчид харж байгаа. Дайн сунжрах нь хоёр талд өндөр өртөгтэй тусаж байгаа. Тэр ч утгаараа цаашид хурцадмал байдал сунжрах магадлал арай бага гэж харж байна. Зөвхөн энэ хоёр улсаас гадна гуравдагч талууд шийдвэрт тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа нь олон зүйлээс ажиглагдаж байгаа. НҮБ хүртэл уг сөргөлдөөнийг анхааралдаа авч тодорхой хэмжээнд хэлэлцээд амжсан.

Үүн дээр нэмээд Ормузын хоолойг нээх асуудал яригдана. АНУ нефтийн урсгалыг хэвийн байлгахыг хамгийн ихээр хүсэж байгаа. Харин нөгөө талд Ормузын хоолой бол Ираны хамгийн том хөзөр. Ормузын хоолойгоор дамжуулан эдийн засгийн хоригийг зөөллөх алхмууд хийгдэнэ. Албан ёсны хэлэлцээр амжилттай болох хүртэл уг хоолойг түр хугацаагаар нээх тал дээр тохиролцох магадлал хамгийн өндөр.
Хэзээ ч бүтэшгүй заалтууд юу байв
Эдгээр 10 заалт дотор хоёр улсын түүх бас одоогийн нөхцөл байдлыг харвал шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй хэд хэдэн заалт бий. Хамгийн өндөр ач холбогдолтой гэдгээс нь харвал бүх хоригийг цуцлах заалтыг АНУ бараг хүлээн зөвшөөрөхгүй. Хориг гэх нэрийн цаана олон зүйл бий. Нефть, эдийн засаг, банк, санхүү, худалдаа, экспорт, даатгал гээд олон зүйл дээр АНУ Ирантай хийх дэлхийн харилцааг хориглож байгаа. Хэрэв хориг байхгүй болчихвол Иран нефтээ олон улсын зах зээлийн үнээр нефтээ худалдаалж эдийн засаг богино хугацаанд сэргэнэ.

Эдийн засгийн сэргэлт Ираныг бүс нутагт хүчирхэг болгож, цаашлаад цөмийн хөтөлбөрийг хурдасгах гээд олон өөрчлөлтийг авчирна. АНУ Ойрх дорнодыг хянахын тулд өөрийн холбоотон улсуудад цэргийн баазаа байгуулсан. Тийм болохоор бүс нутгийн цэргийн үйл ажиллагааг зогсоох сонирхол АНУ-д байхгүй. Үүн дээр нэмээд цөмийн асуудал орж ирнэ. Ираны цөмийн хөтөлбөрийг АНУ эрс эсэргүүцэж ирсэн. 10 саналд цөмийн уран баяжуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай заалт байгаа. АНУ зөвшөөрлөө гэж бодоход хатуу хараа хяналт дор Иран энэ хөтөлбөрөө үргэлжлүүлэх болно. Эдгээр заалтууд дээр хэрхэн тохиролцохоос шалтгаалж салхи хаашаа эргэх нь шийдэгдэнэ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!