ЗАЛРУУЛГА: ЭМЯ-НААС 13:48 ЦАГТ АВСТРАЛИ УЛСАД ЗОРЧСОН МОНГОЛ ИРГЭН КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ТУХАЙ МЭДЭЭЛСЭН. ХАРИН 16:00 ЦАГТ ДАХИН МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ЗАЛРУУЛЛАА.
Эрүүл мэндийн яамнаас Австрали улсад зорчсон Монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийх үеэр Австралийн Мельбурн хотод байгаа монгол иргэнээс тус вирусийн халдвар илэрсэн гэдгийг мэдээлэв.
Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатараас БНХАУ-ын Гуанжу хотоор дамжин Австралийн Мельбурн хотод очсон монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ. Коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан байна. Нэгдүгээр сарын 25-нд шинэ төрлийн коронавирус гэдэг нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан гэлээ.
Харин Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй, дээрх иргэний тохиолдол нь олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Австрали улсад хамаарна гэдгийг ЭМЯ-наас сануулсан юм.