Монгол Ардын намын бүлэг өнөөдөр /2026.08.25/ ээлжит бусаар хуралдаж байна. Ингэхдээ бүлгийн хурал Их тэнгэрт болж байгаа аж. Хурлаар өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотгол болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх аж.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал эл хуулийн төслийг өргөн барихдаа “Төсвийн үндсэн үзүүлэлтийн тухайд энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн орон нутгийн төсвийн урд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон алдагдлын дүнг 998 тэрбумаар нэмэхээр хуулийн төсөлд тусгалаа.
Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдэл сүүлийн 3 жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөл, 2026 онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлээгүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг уг нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулаад байна.
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголыг өргөн мэдүүлж байна” гэж онцолсон байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!