УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.
-Гишүүдийн ёс зүйн асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хууль санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хуультай танилцав уу, ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татах асуудал тодорхой хэмжээнд заагдсан байгаа. Гэхдээ нэлээн ерөнхий байдалтай. Нэг бол УИХ-ын гишүүн Ерөнхийлөгч болсон тохиолдолд чөлөөлөх эсвэл нас барсан, гэмт хэрэгт холбогдсон болон эрүүл мэндийн гэх мэт шаардлагууд бий. Тийм учраас энэ харилцааг илүү тодорхой болгох зорилгоор хууль санаачилсан болов уу гэж харсан.
Хуулийн төслийг харахад, нийт дөрвөн асуудлыг хөндсөн байна. Нэгдүгээрт, Үндсэн хууль зөрчсөн нь ҮХЦ-ийн шийдвэрээр баталгаажиж УИХ-д ирсэн тохиолдолд, хоёрдугаарт, жагсаалтын гишүүнийг намаас нэр дэвшүүлсэн субьект нь эгүүлэн татахтай холбоотой, гуравдугаарт, ирцтэй холбоотой асуудал байна. Харин эндээс нэг заалт нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж харж байгаа. Юу вэ гэхээр, нэр дэвшүүлсэн субьект нь гишүүнийг эгүүлэн татах ойлголт Үндсэн хуульд байхгүй. Тойргоос ч, жагсаалтаас ч улс төрийн нам нэр дэвшүүлж байгаа. Мөн сонгогчдын саналаар хэн гишүүн байхыг шийдэж байгаа. Тиймээс сонгогчдын сонголтыг өөр хэн нэгэн дундаас нь орж ирээд “Зөв буруу, энийг нь би татна” гэсэн ойлголт байх ёсгүй.
-Таны хувьд УИХ-ын гишүүний ёс зүйг юу гэж ойлгож байгаа юм бэ?
-Ёс зүйг хуулиар тогтоох боломжгүй. Хууль бол эрэгтэй, эмэгтэй эсвэл шашин шүтлэг ямар байхаас үл хамаарч бүх хүнд тэгш үйлчилдэг. Харин ёс зүйг жигд нэг түвшинд барих боломжгүй учраас ёс зүйн асуудлыг хуулиар тогтооход хүндрэлтэй. Ёс зүйн асуудлыг хуульчилна гэдэг нь олон талтай учраас үүнийг буруугаар ашиглаж, намын удирдлагын түвшинд байгаа хэсэг хүмүүс эсвэл тодорхой хэмжээнд засгийн эрхийг авсан бүлэглэлийн зүгээс өөрсдийн үзэл санаанд нийлэхгүй дуу хоолойг хаах байдлаар энэ хуулийг ашиглаж магадгүй гэсэн эрсдэл байгаа.
-УИХ дахь сөрөг хүчний зүгээс “Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн. Энэ шаардлага зөв шаардлага мөн үү?
-Энэ бол улс төртэй холбоотой үйл ажиллагаа учраас янз бүрийн реакц явж байгаа байх гэж харж байна. Хуулиараа намын дарга хүн УИХ-ын дарга байхыг хориглосон зүйл заалт байхгүй.
-Засгийн газрын хоёр ч сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихлөө. Ер нь өнгөрсөн хугацаанд Г.Занданшатарын Засгийн газар хэрхэн ажилласан гэж та дүгнэх вэ?
-Засгийн газар залгамж чанартай байх ёстой. Шинэ кабинет бүрдээд шинэ зүйл ярьдаг биш, хуулиа л дагах ёстой. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө хүрээнд өмнөх ЗГ-ынхаа ололтыг үргэлжлүүлээд, болохгүйг нь өөрчлөөд явах хэрэгтэй. Өмнө нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд “Төсвийг бууруулна” гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гаргаж ирчихээд, өөрөө мөрийн хөтөлбөрийнхөө шал эсрэг зүйл хийгээд, үүнийг нь шүүмжилсэн хүмүүст дайралт ирэх тохиолдол байсан.
Тэгэхээр хэн ч байсан хуулиа л дагах ёстой. Хоёрдугаарт, өмнөх Засгийн газарт ажиллаад мөрийн хөтөлбөр дэх заалтуудаа хэрэгжүүлээгүй хүмүүсийг үргэлжлүүлэн сайдаар ажиллуулаад байна. Жишээлбэл, 2020-2024 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт одоогийн эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх заалтууд бүгд байсан. Энэ заалтаа хэрэгжүүлээгүй хүнийг дахиад л 2024 онд үргэлжлүүлэн томилсон. Өөрөөр хэлбэл, хариуцлагын тогтолцоо алга. Ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнийг нь тавих зэрэг хариуцлага байхгүй учраас бүлэг фракц, кнопоороо эсвэл намдаа мөнгө өгсөн байдлаар гүйцэтгэх засаглалд оролцож байна. Хангалтгүй ажилласан сайд нартаа “Чи чадахгүй байна” гэж хэлж ч чадахгүй, аргаа барахдаа өөрөө өргөдөл өгсөн мэтээр тайзан дээр яриад байна шүү дээ. Болохгүй болоод л өнөөдрийн асуудал яригдаж байгаа гэж бодож байна.
-Та яриандаа ЗГ залгамжтай ажиллах талаар дурдлаа. Г.Занданшатарын ЗГ хэр залгамж чанартай ажиллаж байгаа гэж харж байна?
-PR талаасаа өөр нэрнүүд л өгөөд байна. Өмнө нь “Сэргэлт” гэж нэрлээд байсан бол одоо “Цэгцэлье”, “Чөлөөлье” гэх байдлаар яваад байгаа. Цаасан дээр хараар бичигдсэн мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөрөө л хэрэгжүүлэх ёстой.
Бизнест байсан хүний хувьд хэлэхэд, үр дүн чухал. Өөрөөр хэлбэл, эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд тойрсон улс төр хийхээс илүү үр дүнд л чиглэсэн байх ёстой.
-Танай намын Бага хурлаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй дөрвөн хүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх санал гарсан. Энэ нь хэр зөв шийдвэр болов, эсвэл түргэдсэн шийдвэр байв уу?
-Манай намын дүрэмд ийм заалт байдаг юм билээ. Авлигатай холбоотой эсвэл сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан ч гэдэг юм уу ийм хүмүүсийг намын гишүүнээс түдгэлзүүлэх заалттай. Дүрмийнхээ хүрээнд л шийдсэн байх гэж бодож байна.
Ер нь нам нь дүрмээрээ, УИХ, Засгийн газар нь хуулиараа байхгүй бол хэн нэг даргын, бүлэг фракцын үзэл санаагаар явж болохгүй. Харин дүрэм журамд нийцэхгүй бол баян, тарган хэн ч байсан хариуцлага тооцож чаддаг, чадахгүй бол дараагийн хүнд нь боломж олгодог байх нь зүйтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!