ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж хуулийн төсөл болон Дотоодын цэргийн 05 дугаар ангид хоёр ч удаа цэрэг гэмтсэн асуудлын эргэн тойронд ярилцлаа
-Таны хувьд өнгөрөгч 12 дугаар сард дэд сайдын үүрэгт ажилдаа орсон. Ажлаа авснаас хойш ямар хуулийн төслүүд дээр ажиллав. Өнгөрөгч долоо хоногт Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцүүлгийг хийсэн. Хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж буй хуулийн төслүүдийн бэлтгэл ажилдаа орсон байгаа байх?
-ЗГ, ХЗДХЯ-наас энэ хаврын чуулганаар 20 хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна. Миний бие зарим Ажлын хэсгийг нь ахлаад ажиллаж байгаа. Тэдгээрийн нэг нь Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх хуулийн төсөл юм. Энэ хуулийн төсөл нь юугаараа ач холбогдолтой юм бэ гэвэл, Монгол Улсын төр авлигатай тэмцэх бодлого хэрэгжүүлж байгаа. Гэхдээ үүнд дутагдаад байгаа нэг зүйл нь өнөөдрийг хүртэл шүгэл үлээх эр зориг гаргасан хүнийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй байгаа явдал. Үүнийг олон улсын байгууллагууд ч шүүмжилдэг. Нөгөө талдаа энэ нь авлига албан тушаалын гэмт хэрэг гаарахад нөлөөлж байна гэж үздэг. Тэгэхээр бид Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөө энэ хаврын чуулганаар өргөн барьж, авлигатай тэмцэх бодлогод дутагдаад буй орчныг бүрэн дүүрэн болгох зорилго тавиад байна.
Та бүхэн мэднэ. 10-аадхан жилийн өмнө Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 72 дугаар байранд жагсаж байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бид энэ үзүүлэлтээсээ 114 байр болтлоо ухарсан байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр, бид аливаа гэмт хэрэг, сөрөг үзэгдлийн үр дагавартай нь тэмцээд байгаа болохоос түүнийг гаргахгүй байх нөхцлийг нь бүрдүүлэхэд анхаарахгүй байна. Тэгвэл энэхүү хуулийн төслөөр тодорхой эрсдэл гаргаж, авлига албан тушаалын гэмт хэргийн талаар шүгэл үлээсэн хүний аюулгүй байдлыг хамгаалах, түүнд баталгаа өгөх, урамшуулахад төр ямар үүрэг хүлээх юм бэ гэдгийг тодорхой болгож байгаа юм.
Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан төрийн нууц тэр тусмаа төрийн үйл ажиллагаанд ил тод нээлттэй байдлыг хангах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.
Албаны нууц нэрээр төрийн нууцад авсан 800 гаруй мэдээллийг цаашид ил болгоно.
Мөн албаны болон төрийн нууцад авах шалгуур журмыг тодорхой болгоно. ЗГ-ын тогтоолоор нууцад авч байгаа байдлыг халж цаашид төрийн нууцын жагсаалт батлах хууль гаргаж УИХ түүнийг нь баталдаг, хяналтаа тавьдаг эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.
-Таны хэлснээр шүгэл үлээгч эр зориг гаргаж тэр хэрээрээ эрсдэл хүлээж байгаа субъект. Гэвч авлигыг мэдээлснийхээ төлөө эргээд төрийн болон албаны нууц задруулсан гэх асуудалд холбогддог. Тэгвэл таны сүүлд хэлсэн төрийн болон албаны нууцтай холбоотой хуулийн төслөөр шүгэл үлээгчид хамгаалалт бий болж байна гэж ойлгож болох уу?
-Албаны нууц гэдэгт багтаж буй 800 гаруй мэдээллийг бид ил болгоно. Нөгөө талаасаа авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой үйлдэл эс үйлдлийг ил тод нээлттэй мэдээлсэн хүний эрх зүйн байдал нь ямар нэгэн байдлаар дорддоггүй харин ч дээрддэг орчныг бүрдүүлнэ л гэж байгаа юм. Зарим тохиолдолд нийгэмд ялгаварлан гадуурхагдах эсхүл ажил албан тушаалаасаа чөлөөлөгддөг байх ёсгүй. Төр энэ талаас нь хамгаалж, аюулгүй байдалд нь ч баталгаа өгдөг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байна.
-2021 онд өргөн барьж байсан Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд шүгэл үлээгчид олгох урамшууллыг 100 мянгаас 1 тэрбум 500 сая төгрөг хүртэл гэж тусгаж байсан. Энэ удаагийн хуулийн төслийн агуулгад урамшууллын асуудал яаж суусан бэ?
-Урамшууллын мөнгөн дүнг тодорхой хуульчилж өгч байгаа. Мэдээж шүгэл үлээгчийн мэдээлсэн авлигын үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хор хохиролтой холбож өгч байгаа. Тэгэхээр хор хохирол нь их хэмжээний мөнгөн дүн дээр яригдаж байгаа бол түүнээс хүртэх урамшуулал нь өндөр байна гэсэн үг. Энэ хувь хэмжээг бид ажлын хэсэг дээрээ дахин нарийвчилж ярина. Тэгж байж тодорхой болно. Гэхдээ тодорхой хор хохиролтой холбоотой учраас энэ чиглэлд урамшууллын тогтолцоо бүрдэнэ л гэсэн үг.
Энд бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Улс төрчдийн зүгээс удаа дараа ярьж ирсэн энэ хуулийн төслийг батлах хүсэл зориг байхгүй байсан учраас өнөөдрийг хүртэл баталж чадаагүй гэж их ярьдаг. Тэгвэл энэ Засгийн газар, Ерөнхий сайдад тухайн хуулийг батлуулахаар ажиллана. Өөрөөр хэлбэл улс төрийн хүсэл зориг, манлайлал нь байна гэж хэлэх гээд байгаа юм. Тийм учраас бид энэ хуулийн төслөө УИХ-ын хаврын чуулганаар өргөн барьж батлуулахаар ажиллана.
-Мөнгөн дүн урамшууллын систем яригдаж байгаа энэ нөхцөлд хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой асуудал хөндөгдөнө. Эх үүсвэр нь хаанаас гарах вэ?
-Тусгай сан байх юм. Энэ нь тухайн гэмт хэргийн улмаас улс хурааж авсан эд хөрөнгийн тодорхой хэсэг байх ёстой. Мөн гэм буруутай гэж тогтоогдсон этгээдэд ногдуулсан торгуулийн тодорхой хувиар энэ санг бүрдүүлнэ гэж үзэж байгаа.
-Шүгэл үлээгч бол матаасчин биш-

-2021 онд энэ хуулийн төсөл өргөн баригдаж байх үед хамгийн их шүүмжлэл дагуулж байсан агуулга нь урамшуулал түүнээс гарах эрсдэлтэй холбогдож байсан. Зарим гишүүдийн зүгээс, мөнгө өгөөд шүгэл үлээлгэдэг асуудал бий болох юм биш үү гэх агуулгыг хөндөж байсан. Үүнтэй холбоотойгоор "Матаасны хууль" гэх нэр томъёо хүртэл гарч ирсэн. Тэгэхээр яг энэ асуудлаас нь ялгаж салгах, сэргийлэх чиглэлд нь яаж анхаарах вэ?
-Ер нь шүгэл үлээхийг матаас гэх мэтээр гуйвуулж тайлбарлах хандлага байдаг юм байна лээ. Гэхдээ энэ бол тийм зүйл биш. Энэ бол нийтийн эрх ашгийн төлөө, сайн сайхны төлөө, ирээдүйнхээ төлөө эрсдэл гаргаж байгаа үйлдэл. Олон улсад ч ингэж үздэг. Шүгэл үлээгч бол матаасчин биш. Энэ бол нийгмийнхээ сайн сайхны төлөө илүү хариуцлагатай иргэний гаргаж байгаа үйлдэл. Эх орныхоо төлөө, үр хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө гаргаж байгаа үйлдэл. Тийм учраас энэ үйлдлийнх нь төлөө төр аюулгүй байдлыг нь хангаж, баталгаа өгнө. Басхүү урамшуулал олгоно.
Үүнийг мушгин гуйвуулж хов зөөж буй матаасчин гэх мэтээр нийгэмд буруу ойлголт өгөх нь буруу. Шүгэл үлээхийг олон нийтийн эрх ашгийн төлөө эр зориг гаргаж, эрсдэл хүлээж байгаа иргэний үйлдэл гэж үзэх хэрэгтэй.
-Хамгийн гол яригдах зүйл бол аюулгүй байдал шүү дээ. Тэгэхлээр шүгэл үлээсэн хүний аюулгүй байдлыг хэрхэн, яаж хамгаалах вэ?
-Маш тодорхой баримттай шүгэл үлээж байгаа тохиолдолд тэр хүний аюулгүй байдлыг нэн даруй хангах ёстой. Нөгөө талаасаа аюулгүй байдлыг хангаж байгаа нь шүгэл үлээсэн хүнд хэн нэгэн өөр байдлаар нөлөөлж, гаргасан мэдээллээсээ буцчих вий гэдгээс урьдчилан сэргийлж байгаа үйл ажиллагаа. Тиймээс манай энэ хуулийн төсөл нэлээн нарийн нарийвчилсан процесстой бичигдэнэ. Дутагдал байдаг. Хэт ерөнхий бичигдсэн хуулиуд хэрэгждэггүй. Тийм учраас бид энэ хуулиа бол маш нарийн, нэг мөр дагаж мөрдөх боломжтой байхаар зорьж ажиллаж байгаа. Нэг ёсондоо, шүгэл үлээгчийн аюулгүй байдлын баталгаа нь бүрэн хангагдсан эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж ойлгож болно.
-Албаны нууц нэрээр иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд саад учруулдаг байдлыг ХАЛНА-

-Хаврын чуулган эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Тэгвэл хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж буй гол хууль бол Авлигын эсрэг багц хууль гэж ойлгож байгаа. Бэлтгэл ажил хэр явж байгаа вэ. Б.Энхбаяр сайдын мэдээллээс харахад, цагаан сарын дараа нүүрсний хулгайн хэргээр ял авсан хүмүүс эхнээсээ суллагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангатгах чиглэл дэх асуудлыг олон нийт хөндөж байна?
-Тиймээ. Энэ хаврын чуулганаар Авлигатай тэмцэх багц хуулийн төслийг өргөн барина. Түүний нэг хэсэг нь миний өмнө яриандаа дурдсан төрийн үйл ажиллагаанд ил тод нээлттэй байдлыг хангах хуулийн төсөл юм. Олон асуудал нууц гэдэг нэрээр халхавчлагдаж үйлдэгддэг. Энэ байдлыг бид дахин давтахгүй байх ёстой. Сэргийлэх ёстой. Тэр эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой.
Тэр тусмаа албаны нууц нэрээр маш олон зүйлийг нууж иргэдийн мэдэх эрхийг хязгаарладаг, төрийн үйл ажиллагааны ил тод нээлттэй байдалд саад учруулдаг асуудал байна. Үүнийг хална. Төрийн нууцын жагсаалт баталж УИХ хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.
Хоёрдугаарт, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ял шийтгэлийн бодлогыг ямар байдлаар авч үзэх вэ гэдгийг эргэн харна. Өөрөөр хэлбэл учруулсан хор хохирлын хэмжээтэй уялдуулсан, илүү бодитой, үр дүнтэй ял шийтгэлийн бодлого байх нь зүйтэй гэж харж байгаа. Энэ тал дээр нэлээн олон ажлууд хийгдэнэ.
-Шинээр томилогдсон Дотоодын цэргийн штабын дарга, цэргийн ангийн захирагч, орлогч нарт хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Үр дүн гарах эсэхийг нь харах хэрэгтэй-

-Үргэлжлүүлээд таниас цаг үеийн асуудлаар тодруулъя. Дотоодын цэргийн 05 дугаар ангид нэг сарын дотор цэрэг гэмтсэн асуудал хоёр ч удаа давтагдлаа. Таны хувьд оны өмнөхөн гарсан цэргүүд нэгнээ зодсон хэргийн мөрөөр байгуулагдсан Ажлын хэсгийг ахалж ажилласан. Тухайн хэрэг дээр ямар нөхцөл байдал тогтоогдсон юм бэ?
-Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр гарсан асуудлыг хянан шалгаад удирдлага штабын бүрэлдэхүүнд хариуцлага тооцсон. Үүнийг ч ил тод нээлттэй мэдээлсэн. Одоо шинэ удирдлага томилогдоод ажиллаж байгаа. Дотоодын цэргийн штабын дарга, цэргийн ангийн захирагч, орлогч гээд холбогдох албан тушаалтнууд нь тодорхой үүрэг даалгавар аваад ажиллаж байна. Олон жил бугшчихсан энэ алдаа дутагдлыг засахад хугацаа орно. Тэгэхээр соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлууд байна. Камерын хяналт дутуу байснаас үүдсэн алдаа дутагдал байсныг бүрэн зассан. Мөн тэнд цэргийн дүрмийн хүрээнд харилцаа явагдах ёстой. Үүнийг дотоодын цэргийн хувьд бол ягштал мөрддөг байх ёстой. Тэгэхээр цэргийн бэлтгэл, цэргийн албан хаагчдын ёс зүй, сургалт хүмүүжлийн ажил дээр онцгой анхаарах ёстой. Энэ жил чиглэлээр хийж байгаа ажлууд тодорхой үр дүнгээ өгнө гэж үзэж байна.
Дотоодын цэргийн штабын шинэ удирдлага 100 хоногт тодорхой ажлууд хийхээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ажлын хэсгийн зүгээс, ХЗДХ-ийн сайдын зүгээс хугацаатай үүрэг даалгаврууд өгөгдсөн. Бид 7 хоног бүр ажлын явц, үр дүнд нь хяналт тавиад ажиллаж байгаа. Дахин ийм зөрчил, дутагдал гаргахгүй нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой.
18, 19-тэй л хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Энэ хүүхдүүдийг цэргийн албаар дамжуулж хүмүүжүүлж хатуужуулж, сургах бэлтгэх ёстой. Тэгэхээр энэ чиглэлд нэлээн цогц ажлуудыг дотоодын цэргийн штабаас хийж байгаа.
-Өөр өөр цэргийн ангиуд ч биш. Тухайлсан нэг анги дээр ийм асуудал давтамжтай гарсан гэдэг утгаараа өмнө Р.Чингис генералыг Д.Манлайбаатар даргатай цуг чөлөөлж байсантай адилаар одоогийн удирдлагуудад хариуцлага тооцохгүй юм уу гэдэг асуудлыг л хэлээд байгаа юм?
-Шинэ удирдлага томилогдоод хугацаатай үүрэг даалгавар аваад ажиллаж байна. Энд их олон асуудал байгаа юм. Цэргүүд дүрмийн хүрээнд байж суралцах ёстой болохоос тэнд дүрмийн бус харилцаа байх ёсгүй. Тиймээс үүнийг хэвшүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих чиглэлд шинэ удирдлага хугацаатай үүрэг даалгавар аваад ажиллаж байна. Тэгэхээр үр дүн гарах эсэхийг харах ёстой. Үнэхээр үр дүн гараад энэ алдаа зөрчил, дутагдал давтагдахгүй байвал сайн. Энэ чиглэлээр яам, дотоодын цэргийн штаб, цэргийн ангийн зүгээс ч шат шатанд нь арга хэмжээ авах ёстой.
Жишээлбэл, ахуйн, аж ахуйн өрөө нь камержуулалтгүй байсныг бүрэн камержуулсан. Цэргийн дүрмийн хүрээнд сургалт, сурталчилгааг сайн хүргэх болоод орчин нөхцөлийг нь сайжруулахтай холбоотой олон ажлууд хийгдэж байгаа.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!