Б.Жавхлан: Зах зээлдээ сайн ажиллаж байгаа банкууд Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулах хүсэл сонирхлоо илэрхийлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 49 секунд

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нар оролцож буй. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлангаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Монгол Улс томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах, хөрөнгө оруулагчдыг татах шууд харилцааг энд бий болгож байна. Энэ удаагийн форумаас олж авч буй бидний давуу тал, ажлууд юу байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн форум Давос хотноо 56 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Форумын гол онцлог нь дэлхийн улс төр, эдийн засгийн гол томоохон улс орны удирдагч нар, хамгийн том гэгдэх бүхий л хөрөнгө оруулалтын сангууд, байгууллагын төлөөллүүд цугладагаараа маш онцлог. Том гүрнүүдийн удирдагч, шийдвэр гаргагч нартай нэг дор танилцах боломжтой. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, геополитикийн тодорхойгүй байгаа байдалд маш сайн мэдээлэл олж авах, солилцдог гэдгээрээ онцлог юм. Сүүлийн жилүүдэд манай улсын чуулга уулзалтад оролцох оролцоо маш сайн болж байгаа. Энэ удаагийн уулзалтад ирэхэд ч манай улсыг маш сайн мэддэг болсон, сонирхдог болсон нь мэдэгдэж байна. Өмнө нь бид өөрсдөө уулзалт хийгээд хөөцөлдөөд явдаг байсан бол одоо маш олон захиалгатай уулзалтуудад оролцож байна.

Түүнчлэн сүүлийн 4-5 удаагийн форум ковидын дараах гэдгээрээ маш чухал болж байна. Ковидын жил хүртэлх, ковидоос хойшхи гэсэн календартай болчихлоо. Ковидоос хойш дэлхий нийтийн геополитик маш сонирхолтой бөгөөд тодорхойгүй ээдрээтэй болж байгаа энэ үед Давосын чуулга уулзалт болж буйгаараа онцлог болж байна. Мөн дээрээс нь хүний хэрэгцээ технологи асар хурдтай өөрчлөгдөж байна. Ялангуяа AI-д суурилсан, технологи дагасан, маш олон хувьсал өөрчлөлтүүд бий болж байна. Дэлхийн мөнгөний болон хөрөнгө оруулалтын урсгал технологио дагаж байна. AI дагаж байна. Тэгэхээр бидэнд маш их боломж байна. Тиймээс хоцорч болохгүй, зэрэгцэж явах ёстой. AI-г дагах тусмаа технологи өөрөө бүхий л салбарт том хувьсгал өөрчлөлтүүдийг авч ирж байна. Үүнийг дагаад хэрэгцээ хязгааргүй болж ирж байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын дэлхийн цөм Ази руу шилжиж байна.

Өнөөдөр /өчигдөр 2026.01.21/ үдээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ирж байна гээд бүх юм нь хаалттай, хамгаалалт гарчихсан байна. Үдээс хойш илтгэл тавина. Түүний илтгэлийг дэлхийн нийтээрээ чих тавин анхаарч, хүлээж байна. Тэр уулзалт руу ороход дор хаяж 2 цаг дугаарлаж байж орж, илтгэлийг нь сонсох нь байна.

Энэ удаагийн уулзалтад Ерөнхий сайд, Шадар сайд, Төв банкны Ерөнхийлөгч хамт яваа. Тиймээс энэ боломжуудыг ашиглаад хөрөнгө оруулагч болон санхүүгийн зах зээлд ажиллаж буй том тоглогч нартай уулзаж байна.

-Гаднын банк оруулж ирэх асуудлыг хөндөв үү?

-Бидэнд тулгамдсан хамгийн ойр асуудал бол Монгол Улсын санхүүгийн зах зээлд гаднын банк, хөрөнгө оруулагч нарыг шинээр оруулж ирэх, өрсөлдөөнийг дэмжих юм. Энэ өрсөлдөөний эцсийн дүнд хэрэглэгч нарт хямд, бага хүүтэй, сайн санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгох ёстой. Тэгж байж хэрэглэгч нар хожно. Энэ асуудлыг бид маш олон жил ярьж байгаа. Гэвч өрсөлдөөнд дотоодын банкууд таатай ханддаггүй. Гэхдээ эцсийн дүнд хэрэглэгч ялах ёстой. Үүнд төрийн зохицуулалт заавал байх ёстой.

Хэт хол барууны томоохон банкууд манай зах зээлийг тоохгүй. Бид тэгж биеэ тоогоод хэрэггүй. Энэ бол амьдралаас хол. Харин Зүүн Европын бүс нутаг болон манай зах зээлд амжилттай ажиллаж байгаа банкуудыг сонирхож урилга өгч, Төв банкныхан ч үүнд идэвхтэй ажиллаж байгаа.

Зах зээлдээ сайн ажиллаж байгаа банкууд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаагаа явуулах хүсэл сонирхлоо илэрхийлж байна. Бид ч мөн шаардлагатай мэдээллүүдийг өгч ажиллалаа. Бидний бодлого нээлттэй гэдгээ танилцуулж ажиллалаа.

-ОУВС эдийн засгийн өсөлтийн таамгаа өсгөж, 3.3 болгож шинэчилсэн. Энэ он болон ирэх оны эдийн засгийн өсөлтийн таамгийн хүлээлтийг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн төвүүд болон шинэ технологи дагасан мөнгөний урсгал дээр Монгол Улс маш том тоглогч байгаа шүү гэдгийг хөрөнгө оруулагч нар тодруулж ярьж, бидэнд хандаж байна. Тэгэхээр бид зөв төлөвлөж, технологи дагасан урсгалаа зөв хамтрагч нартайгаа ил тод нээлттэй явбал бидэнд ойрын хугацаанд томоохон өөрчлөлт, тодорхойгүй байдлаасаа ядаж бүс нутагтаа амжилттай тоглогч болох бүрэн боломжууд байна. Бидэнд газрын ховор элемент, уран нь байна.

Энд нүүрс маш ховор яригдаж байна. Гэхдээ нүүрсийг тултал нь боловсруулах боломжийг маш олон газрууд санал болгож байна. Тиймээс үүнд тулгуурласан эдийн засаг болон нийгмийн өсөлт хөгжил, хүртээмж өөрөө цуг байх ёстой . Бидэнд маш том боломжууд байгааг улам тод харж байна.

-Аялал жуулчлалтай холбоотой асуудал нэлээн яригдах шиг боллоо?

-Монгол Улсын байгаль өөрөө маш том аялал жуулчлалын том капитал. Гагцхүү үйлчилгээ, дэд бүтэц л биднээс шалтгаалж байна. Аялал жуулчлал бидэнд маш том боломж.

ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
 
С.Наранцогт: Цаашид түүхий эдийн уналт, гэнэтийн хүндрэлийг давж чадах эдийн засгийг бий болгоход бүх талдаа анхаарах ёстой
С.Наранцогт: Цаашид түүхий эдийн уналт, гэнэтийн хүндрэлийг давж чадах эдийн засгийг бий болгоход бүх талдаа анхаарах ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!