ТЭЦ-3, 4 зэрэг дулааны цахилгаан станцуудад ээлж дараалан гарсан гэмтлийн улмаас нийслэл төдийгүй төвийн бүсийн зарим аймгууд эрчим хүчний хэсэгчилсэн хязгаарлалтад орж, 43 жилийн турш шинээр нэг ч цахилгаан станц бариагүй төр засгийн балгийг иргэд л үүрч байна. Аргаа барсан иргэд "Станцаа барьж байхгүй юугаа хийсэн юм бэ, огцор" гэж бухимдана.
Тэгвэл бид өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт эхэлсэн ч "гацаж" цаасан дээр үлдсэн төслүүд хаанаас эхлээд, хаана зогссоныг сануулъя. Хэрвээ өнөөдөр доорх төслүүд амжилттай хэрэгжиж ашиглалтад орсон бол ТЭЦ-3, 4-ийнхөө зовлонгоос "нимгэлж" 2000 мВт орчим эрчим хүч үйлдвэрлэх байжээ. Эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэх нь тодорхой. Хэрэглээ энэ хурдаараа явбал 2035 он гэхэд зөвхөн нийслэлийн эрчим хүчний хэрэглээ 3000 мВт-д хүрэх тооцоолол бий.
1. 2017 онд ашиглалт орох байсан "ДЦС-5"-ын ажил 2026 онд эхлэх үү?
Хамгийн сүүлд 1983 онд ДЦС-4 ашиглалтад орсноос хойш дараагийн ЦС хэзээ баригдах талаар яригдаж эхэлсэн түүхтэй. Тэгвэл анх 2011 онд “ДЦС-5”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлж 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч сүүлийн найман жилд огт урагшлаагүй. Урагшлаагүй гол шалтгаануудыг төр засгийн тогтворгүй байдал, улстөржилт, хөрөнгө оруулалт гацсан гэж үе үеийн улстөрчид тайлбарладаг.
Тэгвэл өнөөдрийн байдлаар “2026 онд барилгын ажлыг эхлүүлнэ” гэх мэдээллийг нийслэлийн удирдлагууд болон салбар яамнаас мэдэгдээд буй. ДЦС-5 ашиглалтад орсноор 300 мВт эрчим хүч үйлдвэрлэх юм.
2. 15 жил байрнаасаа хөдлөөгүй Багануурын ДЦС
Анх 2010-аад онд нийслэлд ДЦС-уудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хуваалцах үүднээс Багануурын ДЦС-ыг байгуулах асуудал хөндөгдсөн байдаг.
Гэвч мөн л гацаанд орж, салбарын сайдаар нь ажиллаж байсан Н.Тавинбэх “Багануурын ДЦС-ын хувьд туйлын бүтэлгүй байгаа” гэж хэлж байв. Учир нь ажил эхлээд явж байхад нь Монголын талаас тодорхойгүй шалтгаанаар зогсоосон. 2020 онд бүх гэрээг дахин хийгээд концесс эзэмшигчид өгсөн. Улмаар концесс эзэмшигч нь санхүүжилтээ босгохоор явсан байдаг.
Харин энэ хооронд нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоож байв. Гэхдээ 2022 оны дөрөвдүгээр сард Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэхээр төсөлд оруулж “Танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтийн асуудлыг ярилцахаар байна” гэж мэдэгдэж байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл урагшилсан зүйлгүй үлджээ.
3. ТӨХХК байгуулаад ч амжилт олоогүй Тавантолгой ДЦС хөдлөх үү?
Монгол Улсын Засгийн газар Тавантолгой ДЦС-ыг барина гэснээс хойш 10 жил хэдийнэ өнгөрчээ. 2013 оноос эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл “Рио тинто”-гийн төлбөрийн баталгаа, Оюутолгойн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос гацаанд орсон. Уг ажлыг эрчимжүүлэхээр "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХХК-ийг 2020 онд байгуулсан байдаг. Гэвч тус компани байгуулагдаад таван жилийн нүүр үзэж байгаа ч төсөл "гацсан" хэвээр байгаа юм. Хэрэв хугацаандаа ашиглалтад орсон бол 300 мВт эрчим хүч үйлдвэрлэх байжээ.
4. Шивээ-Овоогийн цахилгаан станц 25 жил "гацав"
2000-аад оноос хойш даруй 25 жил гацаад буй “Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн 270 мВт-ын цахилгаан станц барих” төслийг эхлүүлэхээр 2018 оны зургаадугаар сард БНСУ, АНУ, БНХАУ-ын хамтарсан мэргэжлийн компаниуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байв. Тухайн үед төр засаг өргөн цар хүрээтэй бодлогоор дэмжвэл цахилгаан станц босгоход ямар ч саад байхгүйг хөрөнгө оруулагчид хэлж байжээ. Үүгээр зогсохгүй Налайх зэрэг дагуул хотуудыг бий болгох боломжтойг дурдаж байсан ч үүнээс хойш 8 дахь жилийнхээ нүүрийг “үзэж” байна.
II. УСАН ЦАХИЛГААН СТАНЦУУД
5. Зуун дамжиж, 62 жил "гацсан" Эрдэнэбүрэнгийн УЦС
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах талаар 62 жилийн өмнө буюу 1964 онд ярьж эхэлжээ. Анх ЗХУ-ын эрчим хүчний “Электросеть” хүрээлэнгээс урьдчилсан судалгаа хийсэн бөгөөд 44 жилийн дараа буюу 2008 онд "MCS, Kyushu Electric Power, West Japan Engineering Consultants, Industrial Design" компаниуд УЦС-ын анхны ТЭЗҮ-г боловсруулсан байна. Харин 2015 онд төслийн нэгжийг байгуулж, 2019 онд У.Хүрэлсүхийн ЗГ 28 мянга ГА газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байв. Мөн оны 11-р сард төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн баталж, 2021 оны 9-р сард Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Пауэр Чайна-Пауэр Чайна Чэнгду" түншлэл шалгарч түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулсан байдаг. 2022 оны 7-р сард хайгуул, судалгааны ажлыг хийсэн.
Харин 2024 оны 11-р сард тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян нар уулзалт хийх үеэр "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар 253 сая ам.долларын санхүүжилт шийдэгдсэн.
6. Хятадын зээлээр эхэлж, оросууд "гацаасан" Эгийн голын УЦС 2032 онд ашиглалтад орно
Анх 1991 болон 1996, 2007 онд Засгийн газраас 220 Мвт-ын усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч ажил хэрэг бололгүй саатсан.
Мөн 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Монгол Улсын Засгийн газар “төслийг хэрэгжүүлэх” арга хэмжээ авсан ч бас л үр дүн гараагүй.
Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан “Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх” хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч ЗГ солигдсноор төсөл зогссон гэдэг. Улмаар 2013 онд Эгийн голын УЦС-ыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж байсан ч бас л гацсан байна.
2016 оноос БНХАУ-ын 1 тэрбум ам.доллаын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ-аас “ЮНЕСКО”-д “Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх” асуудлаар хандсаны улмаас ажил саатсан.
Харин Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед эрэмбэлсэн 14 мега төсөлд Эгийн голын 310 мВт-ын УЦС-ын төсөл багтсан бөгөөд барилгын ажлыг 2024 онд эхлүүлж, 2032 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.
7. "Цаасан дээр үлдсэн" Шүрэнгийн УЦС
Анх 2013 оноос яригдаж эхэлсэн Шүрэнгийн усан цахилгаан станц баригдаж эхэлбэл байгаль орчинд асар их хор нөлөө үзүүлэх талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж, улмаар Оросын тал “ЮНЕСКО”-д хандаж байжээ. Уг нь 1970-аад онд хийгдсэн урьдчилсан судалгаагаар, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт байгуулбал зохистой бөгөөд хүчин чадал нь 244 мВт байхаар тооцоолж байсан аж.
Төслийнхний гаргасан тооцооллоор, хэрвээ ашиглалтад орсон бол төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангаад зогсохгүй ОХУ-аас импортолдог хэмжээг ч нөхөх боломжтой байв. Гэвч Монголын тал ОХУ-д бууж өгснөөр энэ төсөл “зогссон” байдаг.
8. "Цаасан дээрх төслүүд"-ийн нэг Орхон УЦС
Орхон голын УЦС-ын ТЭЗҮ-ийг Японы Chubu Electric Power компани хийж, тайлангаа 2001 оны 3-р сард тухайн үеийн Дэд бүтцийн яам, ЭХУГ-т ирүүлсэн байдаг.
Энэ УЦС нь Улаанбаатарын ДЦС-уудаас гарах нүүрсхүчлийн хийн (СО) бохирдлыг жилд 210.000 тн-оор багасгаж, агаарын бохирдлыг бууруулах үр ашигтай учраас Японы Байгаль хамгаалах сангаас санхүүжигдэх боломжтой, байгаль орчны онцын сөрөг нөлөөгүй, тус станцыг барихад ямар нэг сум суурин газрыг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн аж.
Энэ үндсэн дээр 2001 онд УИХ-аар баталсан ‘‘Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем’’ хөтөлбөрт "Орхон гол дээр УЦС барьж, 2020 он гэхэд ашиглалтад оруулсан байхаар" тусгасан байдаг ч өнөөг хүртэл хэрэгжээгүй “Цаасан дээрх төслүүд”-ийн тоонд багтсан байна.
-Гүйцэтгэгч БНСУ-ын компани нь "дампуурч" Н.Тавинбэх тэргүүтнүүд шалгагдаж эхэлсэн 10 аймгийн ДЦС-
2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 10 аймгийн ДЦС барих шийдвэр гарсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй "гацжээ". Учир нь гүйцэтгэгч гэх БНСУ-ын "Бьюксан Инженеринг" компани нь дампуурч, алга болсон. Нийт 110.7 сая ам.долларын төсөвт өртөгтэй уг зээлийг Монгол Улс 40 жилийн хугацаатай авсан байдаг. Төсөл БНСУ-ын компаниас болж гацсан ч Монгол Улс зээлийнхээ хүүг тогтмол төлсөөр яваа юм.
Үүгээр ч зогсохгүй Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх зөвлөх П.Товуудоржийн хамтаар дээрх төслийн хэрэгт холбогдон, цагдан хоригдож эхэлсэн билээ. Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж Монгол Улсын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!